2020.10.29
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
Б.Саранчимэг: Тэтгэврийн шинэчлэлийг хойшлуулахгүй эхлүүлэх нь зүйтэй
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.10.29/ хуралдаанаар Н.Учрал нарын 5 гишүүн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд төсөл санаачлагчаас асуулт, асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:
"Тэтгэврийн шинэчлэл хийх бол зайлшгүй хийх ёстой цаг хугацаа их алдсан томоохон ажил. Үүнийг хийхгүй бол өнөөгийн 30 гаруй настай залуу ирээдүйд тэтгэвэр авах боломжгүй, амьдралд нь хүрдэггүй. Үр хүүхдийнхээ гар харсан байдал үргэлжилнэ.
Энэ хуулийн төсөл батлагдсанаар маш том эхлэлийг бид хийх болно. Ирээдүйд залуус тэтгэвэрт гараад үндсэн тэтгэврээ төрөөс авах төдийгүй хуримтлуулсан хувийн тэтгэврээ авах боломжтой болж, эрүүл мэнддээ, амьдрах орон байрандаа зарцуулах боломжтой болно гэж үзэж байна.
Цаашдаа бид Засгийн газартайгаа хамтраад төслийг улам сайжруулаад энэ тэтгэврийн тогтолцоондоо шинэчлэл зайлшгүй хийх цаг нь болсон. Тиймээс энэ хуулиар үүнийг эхлүүлэх боломжтой болох учраас гишүүд дэмжих нь зүйтэй. Ажлын хэсэгт нь ороод саналуудаа ч тусгаад явахыг хүсэж байна."
ШИНЭ МЭДЭЭ
Генетикийн нөөцийн тухай хууль батлагдлаа
2021.12.16