МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Орон нутгийн удирдлагын манлайллыг дэмжих нь сэдэвт дэлхийн онлайн чуулган боллоо
2020.10.30
Гадаад харилцаа

Орон нутгийн удирдлагын манлайллыг дэмжих нь сэдэвт дэлхийн онлайн чуулган боллоо

НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас “Орон нутгийн удирдлагын манлайллыг дэмжих нь” сэдэвт дэлхийн онлайн чуулганыг энэ сарын 28-ны өдөр зохион байгууллаа.

Дэлхийн 117 орны 1100 гаруй оролцогч оролцсон энэхүү чуулганаар “Гамшигт тэсвэртэй хотууд 2030” хөтөлбөрийн нээлтийг хийлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх НҮБ-ын урилгаар тус чуулганд гол илтгэгчээр оролцсон юм. Түүнчлэн нээлтийн ажиллагаанд Швейцарын Холбооны Улсын Женев хот дахь НҮБ-ын ГЭБГ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгч, хатагтай Мами Мизутори, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бонн хот дахь “ICLEI-Тогтвортой байдлыг дэмжигч орон нутгийн захиргаанууд”-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ноён Жино Ван Бегин нар оролцлоо.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ, 2020 онд Монгол Улсын бүх хотуудыг Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх орон нутгийн стратегитай болгож, НҮБ-ын гишүүн орны хувьд Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн зорилт Е-г бүрэн биелүүлсэн гэдгээ цохон тэмдэглэв.

Мөн дэлхийн бусад хотуудыг энэхүү хөтөлбөрт нэгдэж бодлогын болон үйл ажиллагааны хувьд цар хүрээгээ өргөжүүлж, Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн бүх зорилтуудыг 2030 он гэхэд бүрэн биелүүлсэн орнуудын тоог нэмэхэд томоохон түлхэц болно гэж найдаж байгаагаа хэлээд хөтөлбөрт нэгдэж хамтдаа хүчин зүтгэхийг уриаллаа.

Харин НҮБ-ын ГЭБГ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгч, хатагтай Мами Мизутори, “Үндэсний болон орон нутгийн засаг захиргааны хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх, 2020 оныг дуустал орон нутгийн бүх удирдлагыг гамшгийн эрсдэлийг бууруулах стратегитай болгох талаар мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, хот суурин газрыг гамшигт тэсвэртэй болгох үндэсний хөтөлбөрийг бий болгоход гаргасан Монгол Улсын хүчин чармайлт дэлхийн шилдэг туршлагын гайхалтай жишээ болж байна.

“Гамшигт тэсвэртэй хотууд” аян энэ оны сүүлээр дуусгавар болох бөгөөд "Гамшигт тэсвэртэй хотууд 2030 (MCR2030)" шинэ хөтөлбөрөөр үргэлжлэх болно. MCR2030 нь хотуудыг гамшигт тэсвэртэй болгох аяны сүүлийн арван жилийн туршлага дээр үндэслэн тогтвортой хөгжилд хүрэх зорилгоор хот, орон нутгийн засаг захиргаанд гамшгийн эрсдэлийг бууруулах, тэсвэрлэх чадварыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай дэмжлэгийг авах платформыг бий болгох юм.

Өнгөрсөн жилүүдийн туршлага болох үндэсний засгийн газруудын түвшинд бий болгосон үндэсний хөтөлбөр нь орон нутгийн түвшинд гамшигт тэсвэртэй байдлын тал дээр авч хэрэгжүүлэх арга хэмжээг хурдасгахад чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг олж мэдсэн тул бид орон нутгийн тогтвортой байдлыг өргөжүүлэх зорилгоор хот суурин газрын гамшигт тэсвэртэй байдлыг сайжруулах үндэсний хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн Монгол Улсын туршлагаас олон нийтэд таниулж чадна гэж найдаж байна” гэсэн юм.

“Гамшигт тэсвэртэй хотууд 2030” хөтөлбөрийн гол зорилго бол Тогтвортой хөгжлийн 11 дүгээр зорилт (SDG11) болон Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн баримт бичгийн хүрээ, Парисын хэлэлцээр болон бусад баримт бичгийн хэрэгжилтийг 2030 он гэхэд бүрэн хангаж, хотуудыг хүртээмжтэй, аюулгүй, гамшигт тэсвэртэй, тогтвортой байлгах явдал юм.

“Гамшигт тэсвэртэй хотууд 2030” хөтөлбөр нь өнгөрсөн арван жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүн, ололт амжилт, сургамж дээр тулгуурлан бий болгоод буй хамтын ажиллагааны нөхөрлөлийг үйл ажиллагааны шатад шилжүүлэх механизм болгон ашиглахад зорьсон хамтын ажиллагааны нэгдэл болж өгнө гэдгийг олон улсын хамтын ажиллагааны төлөөллүүд дурдаж байв. Үүнд Дэлхийн Банк групп, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, Японы олон улсын хамтын ажиллагааны агентлаг зэрэг томоохон байгууллагуудын төлөөллүүдийн багтаж байна.

ШИНЭ МЭДЭЭ