​Х.Нямбаатар: Архины болон мансууруулах бодисын хамааралтай болсон иргэдийг эмчлэх эмнэлэгтэй болно
2020.10.27
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

​Х.Нямбаатар: Архины болон мансууруулах бодисын хамааралтай болсон иргэдийг эмчлэх эмнэлэгтэй болно

Ерөнхий сайд У.Хүрэлсүх 10-р сарын 27-нд цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, зургаан чиглэлд тодорхой үүрэг даалгаврыг ЦЕГ-ын дарга болон аймаг, нийслэлийн цагдаагийн дарга нарт өгсөн.

Энэ үеэр хар тамхины хэрэглээ нэмэгдэж байгаад болон гэр бүл, хүүхдийн хүчирхийллийг таслан зогсооход анхаарч ажиллахыг үүрэг болгосон юм.

Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар гэр бүлийн хүчирхийллийг үндсээр нь шийдэхийн тулд ЕСБ-иудад энэ чиглэлийн хичээлийг ирэх оноос орохоор болсныг дуулгасан юм.

Тэрээр "Насанд биед хүрсэн, гэр бүлийн амьдрал зохиосон хүмүүсийн гэр бүлийн хэрүүл шуугианд хөндлөнгөөс хянах гэдгээс илүүтэй насан биед хүрэх гэж байгаа, нийгмийн амьдралд оролцох гэж байгаа ахлах ангийн хүүхдүүдэд 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс гэр бүлийн хүчирхийлэл эрх зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх хичээлийн хөтөлбөрийг ЕБС-иудад оруулна. Засгийн газраас баталсан хүүхдийн байцаагчийн орон тоондоо тулгуурлан хичээл орно" гэлээ.

Түүнчлэн сайд хар тамхи, мансууруулах бодист донтсон хүмүүсийг эмчлэх эмнэлэг байгуулахаар ажиллаж байгааг хэлсэн юм.

Тодруулбал “2020 оны аравдугаар сард багтаж Төв аймгийн Баян суман дахь ШШГЕГ-ын харьяа ангийн орыг 130-аар нэмэгдүүлэх засвар угсралтын ажил дуусч байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 21-р хороонд 60 ортой сайн дурын эмнэлгийг аравдугаар сардаа байгууллаа. Цаашдаа Архидан согтууруулахтай тэмцэх тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төсөл хэлэлцэгдээд, Их хурлаар батлагдвал тухайн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, импортлогч аж ахуйн нэгжүүдийн нийгмийн хариуцлагын хүрээнд санд хөрөнгө төвлөрүүлэх ажлыг зохион байгуулах замаар 2021, 2022 ондоо багтаж 1000 ортой эмнэлэг барина. Энэ нь мансууруулах болон сэтгэцэд нөлөөллийн эмийн хамааралтай болсон болон архины хамааралтай хүнийг албадан болон сайн дураар эмчилдэг үндэсний хэмжээний эмнэлэг болно” гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ