Монгол-БНКуба Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байна
2020.11.02
Гадаад харилцаа

Монгол-БНКуба Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байна

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Кубын парламентын бүлгийн дарга Б.Бат-Эрдэнэ өнөөдөр (2020.10.30) Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Раул Дэлгадо Консэпсионыг хүлээн авч уулзав.

Манай улс Латин Америкийн орнуудаас хамгийн түрүүнд буюу 1960 оны 12 дугаар сарын 07-ны өдөр БНКубаУ-тай дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ онд 60 жилийн түүхэн ой тохиож байгаа юм.

Дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд хоёр улс өндөр дээд хэмжээний харилцан айлчлал, урлаг соёлын олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн ч цар тахалтай холбоотойгоор зарим үйл ажиллагаа хойшлогдсон. Хоёр талын хүчин чармайлтаар хэд хэдэн арга хэмжээг амжилттай зохион байгуулсан талаар ноён Элчин сайд Раул Дэлгадо Консэпсион танилцууллаа. Тухайлбал, өнгөрөгч тавдугаар сард Гадаад харилцааны яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Кубад төгсөгчдийн холбоотой хамтран Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Найрамдлын төгөл” байгуулж, “Монголын нууц товчоо” бүтээлийг испани хэл дээр дахин хэвлүүлэн гаргажээ.

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Кубын парламентын бүлгийн дарга Б.Бат-Эрдэнэ хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд парламентуудын үүрэг, оролцоо чухлыг онцлоод УИХ дахь Монгол-Кубын парламентын бүлгийн зүгээс бүхий л санал санаачилгыг дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Элчин сайд Раул Дэлгадо Консэпсион хоёр талын хамтын ажиллагаа эрүүл мэнд, боловсрол, соёл, спортын салбарт идэвхтэй хөгжиж байгааг тэмдэглээд БНКубаУ 2019 онд Үндсэн хуулиа шинэчлэн баталж, эдийн засгийг нээлттэй болгох, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах заалтуудыг тусгасан талаар дурдлаа. 

Уулзалтаар талууд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, бизнес эрхлэгчдийг холбох, түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар ярилцаж, санал солилцлоо.

ШИНЭ МЭДЭЭ