МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Монголын эмэгтэй эрдэмтэн, инженерүүд чууллаа
2020.11.02
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Монголын эмэгтэй эрдэмтэн, инженерүүд чууллаа

Монголын эмэгтэй инженерүүд, технологичид, эрдэмтэд, математикчдын нэгдсэн холбоо, /МЭИТЭМНХ/-ны V чуулган өнөөдөр Дархан хотноо боллоо.

Уг чуулган “Боловсрол, шинжлэх ухаан, технологи” сэдвийн дор болсон юм. Чуулганд УИХ-ын гишүүн, доктор Ч.Ундрам, МЭИТЭМНХ-ны УЗ-ийн дарга, Доктор П.Ариунболор болон эмэгтэй инженер, технологич, математикчдын төлөөлөл болох 200 орчим бүсгүйчүүд танхимаар болон онлайнаар оролцов.

Уг чуулганд БШУЯ-ны Инженер технологийн төслийн ахлах зөвлөх, УЗ-ийн гишүүн, доктор А.Амаржаргалан “Инженерийн боловсролд тулгамдаж буй асуудлууд”, МГТИС-ийн захирал, УЗ-ийн гишүүн, доктор Б.Батцэнгэл “Боловсрол-жендерийн эрх тэгш байдал”, Чимэгэ ХХК-ийн захирал С.Бадрал “Аж үйлдвэрийн V хувьсгал, хиймэл оюуны хөгжил”, магистр Н.Цэнхэрхэрлэн “Суралцагчдын онцлог шинж чанарыг харгалзан сургах нь”, доктор Г.Болормаа “Литийн ион батарейн анод электродод хэрэглэгдэх холбогч полимер материалын судалгаа” зэрэг сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм.

Хүндэтгэлийн илтгэлийг УИХ-ын гишүүн, МЭИТЭМНХ-ны УЗ-ийн гишүүн, доктор Ч.Ундрам “Үндэсний боловсролын тогтолцоог хүчирхэгжүүлэх нь” сэдвээр илтгэж, хэлэлцүүллээ. Тэрээр УИХ-ын нэр бүхий гишүүдтэй хамтран шийдвэр гаргагчид болон боловсролын салбарын эрдэмтэн судлаач, эцэг эхийн төлөөллийг хамруулан улсын хэмжээний хоёр удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулаад буй. Тиймээс түүний энэ удаагийн чуулганд хэлэлцүүлсэн хүндэтгэлийн илтгэл гурав дахь удаагийн хэлэлцүүлгийн өмнө эрдэмтдийн сонорт хүрч байгаагаараа онцлог аж.

Сонирхуулахад УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Ц.Мөнхцэцэг, Г.Амартүвшин, Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын гишүүд 11 дүгээр сарын 2-нд "Үндэсний ерөнхий боловсролын тогтолцоог Олон улсын жишигт хүргэх нь" гурав дахь удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулахаар төлөвлөжээ.

ШИНЭ МЭДЭЭ