МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Үндэсний ерөнхий боловсролын тогтолцоог олон улсын жишигт хүргэх нь” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2020.11.03
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

“Үндэсний ерөнхий боловсролын тогтолцоог олон улсын жишигт хүргэх нь” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Ц.Мөнхцэцэг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Г.Дамдинням нар “Үндэсний ерөнхий боловсролын тогтолцоог Олон Улсын жишигт хүргэх нь”  хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. 

 

Хэлэлцүүлэгт УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, БСШУСБХ-ны дарга Ж.Мөнхбат, Н.Алтанхуяг нарын гишүүд, БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх С.Ламбаа болон холбогдох албаны хүмүүс болон  АНУ, Европын холбоо, ХБНГУ, ИБУИНВУ, БНЭУ, Япон Улсын Элчин сайдууд оролцлоо. Мөн ЕБС, их дээд сургууль,  МСҮТ-ийн төлөөллүүд оролцон тулгамдаж буй асуудлаар байр сууриа илэрхийлж, шийдвэрлэх арга замын талаар санал солилцов.

Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн Ч.Ундрам удирдан явуулж, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “Монгол Улсын ЕБС дахь тулгамдсан зарим асуудал”, БСШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир “Монгол Улсын ЕБ-ын сургалтын хөтөлбөрийн тогтолцоонд өөрчлөлт оруулах оролдлогууд, өнөөгийн нөхцөл байдал”, БСШУЯ-ны харьяа “Шинэ эрин” лаборатори сургуулийн захирал Б.Амартүвшин “Олон Улсын хөтөлбөрийг Монгол Улсад нутагшуулсан туршлага, ололт амжилт”, МУБИС-ийн сургалт эрхэлсэн Дэд захирал Х.Тамир “Монгол Улсад багш бэлтгэх тогтолцооны өнөөгийн байдал”, ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Филип Малон “Кембриджийн хөтөлбөр, түүний зорилго, Олон Улс дахь хэрэгжилт” зэрэг сэдвээр илтгэл тавив.  Хэлэлцүүлэгт оролцогчид илтгэлийн талаар мэтгэлцээн өрнүүлж, үндэсний ерөнхий боловсролын тогтолцоог олон улсын жишигт хүргэх асуудлаар байр сууриа илэрхийлсэн  юм.

“Үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах нь” цуврал хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Ц.Мөнхцэцэг нар анх санаачлан 2020 оны есдүгээр сарын 04-ний өдөр Төрийн ордонд зохион байгуулсан. Удаах хэлэлцүүлгийг есдүгээр сарын 24-ний өдөр “Үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах нь: ЕБС дахь Англи хэлний сургалт” сэдвээр зохион байгуулсан. Тэгвэл гурав дахь удаагийн хэлэлцүүлгийг УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор “Үндэсний ерөнхий боловсролын тогтолцоог Олон Улсын жишигт хүргэх нь”  сэдвийн хүрээнд ийнхүү зохион байгуулав.

Уг хэлэлцүүлгийг хааж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ ерөнхий боловсролын тогтолцоог олон улсын түвшинд хүргэх асуудлыг авч үзэхдээ монгол үндэсний уламжлал, нүүдлийн соёл иргэншил, монгол хүүхдүүдийн мал маллагаа, соёл ахуйтайгаа уялдсан, гэр бүлийн хүрээнд олж авдаг мэдлэг, хүмүүжил, өөрийн орны байгаль цаг уурын хийгээд нутаг дэвсгэрийн байршлын, түүнчлэн монгол хүний оюуны онцлог зэргийг сайтар бодолцсон, эдгээртэй нягт уялдсан байх шаардлагатай гэж үзэж байна. 

Олон улсын хөтөлбөр хэрэглэнэ гэдэг нь үндэсний хөтөлбөргүй байна гэсэн үг биш. Аль алиныг нь хэрэглэх тухай юм. Олон улсын хөтөлбөр хэрэглэснээр бусад улс орноос хоцрогдоогүй гэдгээ мэдэх давуу талтай. Үнэлгээгээр манай суурь боловсрол эзэмшигчид олон улсын стандартад хүрч байгаа эсэхийг харуулах юм гэдгийг онцоллоо.

Мөн боловсролын дөрвөн тулгуур зарчмыг шинээр тайлбарлаж, хамгаалах нь чухал болохыг эшлээд УИХ-аас эрдэмтдийн санал, санаачилгыг дэмжин Ерөнхий боловсролын үр өгөөжийг дээшлүүлэх, дэлхийн түвшинд хүргэх эрх зүйн орчныг бүрдүүлэх тал дээр бүх талын дэмжлэг үзүүлэх болно гэдгийг тодотголоо.

ШИНЭ МЭДЭЭ