МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ц.Мөнхцэцэг. Өнгөрсөн 30 жилд багшийн хөгжилд маш бага мөнгө зарцуулж ирсэн
2020.11.03
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Ц.Мөнхцэцэг. Өнгөрсөн 30 жилд багшийн хөгжилд маш бага мөнгө зарцуулж ирсэн

“Үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах нь” цуврал хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Ц.Мөнхцэцэг нар анх санаачлан 2020 оны есдүгээр сарын 4-нд Төрийн ордонд зохион байгуулсан.

Удаах хэлэлцүүлгийг “Үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах нь: ЕБС дахь Англи хэлний сургалт” сэдвээр есдүгээр сарын 24-нд зохион байгуулж байв. Харин гурав дахь удаагийн хэлэлцүүлэг нь "Үндэсний ерөнхий боловсролын тогтолцоог олон улсын жишигт хүргэх нь” сэдвээр өнөөдөр боллоо.

Энэ удаад чанартай багш бэлтгэх, багшийн заах арга, чадавхыг сайжруулах нь боловсролын салбарын амин чухал асуудал болохыг онцлон хөндөв.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор өнөөдөр зохион байгуулсан тус хэлэлцүүлэгт БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх С.Ламбаа болон албаны хүмүүс, АНУ, Европын холбоо, ХБНГУ, ИБУИНВУ, БНЭУ, Япон Улсын Элчин сайдууд оролцов. Мөн үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ЕБС, их дээд сургууль, МСҮТ, Хараагүйчүүдийн үндэсний холбооны төлөөлөгчид оролцон ерөнхий боловсролд тулгамдаж буй асуудлаар байр сууриа илэрхийлж, шийдвэрлэх арга замын талаар санал солилцсон юм.

УИХ-ын гишүүн, БСШУСБХ-ны дарга Ж.Мөнхбатболовсролыг сайн байлгая гэвэл багшид төрөөс үзүүлэх дэмжлэг, багшийн нийгмийн хамгаалал, цалин хөлс, ажлын байранд хөгжих асуудлыг анхаарах зайлшгүй шаардлагатай. ЕБС-ийн тогтолцоог олон улсын түвшинд хүргэх асуудлыг авч үзэхдээ монгол үндэсний уламжлал, нүүдлийн соёл иргэншил, монгол хүүхдийн мал, соёл ахуйтай уялдсан мөн гэр бүлийн хүрээнд олж авдаг мэдлэг хүмүүжил, өөрийн орны байгаль цаг уур хийгээд нутаг орны байршил, түүнчлэн монгол хүний оюуны онцлог зэргийг сайтар бодолцсон, түүнтэй нягт уялдсан байх хэрэгтэйг тэмдэглэв.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “Монгол Улсын ЕБС дахь тулгамдсан зарим асуудал” сэдвээр илтгэл тавьсан юм. Түүнээс дараах асуултад хариулт авав.

Ерөнхий боловсролыг олон улсын түвшинд хүргэхийн тулд нэн тэргүүнд юу хийх шаардлагатай гэж үзэж байна вэ?

Юуны өмнө Монголын багшлах боловсон хүчин мэргэжлээрээ өсөн дэвжих боломж олгох ёстой. Үүний тулд  боловсролд зарцуулж байгаа төсвийн зарцуулалтыг оновчтой хуваарилах шаардлагатай байна. Өнгөрсөн 30 жилд Монгол Улсын төсөв барилга байшин буюу хатуу дэд бүтэц рүү 70-80 хувь нь орж ирсэн. Багшийн хөгжил, сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, сургалтын технологид маш бага мөнгө зарцуулж ирсэн. Тиймээс санхүүжилтийг шинэчлэх оновчтой болгох ёстой.

Монгол Улсын төрийн өмчийн сургуулиудын гадаад хэлний сургалт буюу англи хэлний сургалтыг чанаржуулах ёстой. Хувийн өмчит сургуулийн төгсөгч болон төрийн өмчит сургуулийн төгсөгчийн гол ялгаа нь англи хэлний хичээлийн оноонд байгаа юм. Тиймээс англи хэлний багш нарыг бэлтгэх, англи хэл эхлэн суралцах насыг багасгах шаардлага тулгарна. Мөн Монголын сургалтын хөтөлбөрийн ачааллыг уян хатан болгох хэрэгтэй. Монгол хүүхэд дэлхийн дундажтай харьцуулахад 2-3 дахин их ачаалалтай байна.

Тухайлбал, АНУ-ын 9 дүгээр ангийн хөтөлбөрт 10 хичээл үзэж байхад манай улсад 19 хичээл үзэж байна. Бараг бүх анги 5-6 тоогоор илүү ачаалалтай байна. Суралцагчийн хөтөлбөр ачаалалтай байгаа нь багшийн ачааллыг нэмдэг. Багш өдөрт 10-12 цагийг сургалт хүмүүжил болон бусад ажилд зарцуулдаг. Тэгэхээр эдгээр ачааллыг зохистой хуваарилах, багшийг хөгжүүлэх ажлыг эн тэргүүнд хийх шаардлагатай.

Үүний тулд төсөв мөнгөний зарцуулалт, хууль эрх зүйн орчны зохицуулалтыг хэрхэн сайжруулах хэрэгтэй вэ?

Монгол Улсын Боловсролын тухай хууль өнгөрсөн 20 жилийн хугацаанд хамгийн их өөрчлөгдсөн. Хэдий тийм боловч цаг үеийн шаардлага, хүн амын өсөлтийг дагаад байнга өөрчлөгдөх шаардлагатай. Сүүлийн 20 гаруй жилд хүн амын шилжилт хөдөлгөөнтэй холбоотой нийслэлийн хүн амын төвлөрөлт нэмэгдэж байна. Боловсролын шинэчлэлт, чанартай сургалт явуулахад хүндрэлтэй зүйл нь нэг багшид ноогдох суралцагчийн тоо, анги дүүргэлтийн коэффициент нийслэлд өндөр байна. Тиймээс нийслэл дэх боловсролын ачааллыг багасгах, багшийн ачааллыг зөв үнэлэх, цахим шилжилт буюу технологийн дэвшилтэй холбогдуулан багшийг дахин бэлтгэх, багшийн сургалтыг сайжруулах ажлыг хийх ёстой. Үүний тулд Монгол Улсын Боловсролын суурь хууль, Боловсролын тухай багц хууль, Багшийн тухай хуулийг шинэчлэх шаардлагатай байна.

УИХ-аар 2021 оны улсын төсвийн төсөл хэлэлцэж байгаа. Төсвийн төсөлд илүү мөнгө төгрөг төсөвлөж чадсан уу?

Манай Боловсрол, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны гишүүд үүнд шүүмжлэлтэй хандаж байна. Тухайлбал, энэ жилийн төсвийн төсөвлөл хуучных шигээ маш их хөрөнгө оруулалтыг барилга байшин бүтээн байгуулалтад оруулсан.  

Жишээлбэл, 2020 оны боловсролын санхүүжилтийн судалгаанаас үзэхэд Говьсүмбэр аймгаас бусад аймагт дотуур байр хангалттай гэсэн дүн гарсан. Гэтэл энэ жилийн төсөвт нийт 11 аймагт 28 дотуур байр шинээр барихаар оруулж ирсэн.

Үндсэндээ төсвийн оновчтой байдал хангалтгүй байна. Шаардлагагай газар эсвэл хүн амын шилжилт хөдөлгөөн багатай газар төсвийн хөрөнгө оруулалт хийж байна. Жишээ нь, зарим аймагт дунд сургуульд нэг ангид 10-12 хүүхэдтэй байна. Гэтэл нийслэлд хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байсан. Гэтэл тэгж чадахгүй байна. Тиймээс бид төсвийн хөрөнгө оруулалтыг багшийн хөгжил буюу хүн рүүгээ зарцуулах ёстой, барилга байшин руу хэт зарцуулж байна гэсэн шүүмжлэлтэй байр суурьтай байна.

Бодит жишээгээр тайлбарлавал?

Боловсролын салбарт цахим шилжилт хийж байна.  Монгол Улсын олон сургууль, төвөөс алс сум, суурин баг, хотын захын дүүргийн хүүхдүүд интернэт цахим орчинд хичээлээ үзэх боломжийг олгох ёстой. Гэтэл цахим шилжилтэд маш бага төсөв тавьсан байх жишээтэй. Ер нь багшийн мэргэжил дээшлүүлэх ажилд өмнөх жилүүдийн дунджаар маш бага мөнгө тавьсан байна. Багшийг хөгжүүлэх, сургалтын технологийн шинэчлэл зэрэгт илүү хөрөнгө оруулах шаардлагатай. Ирэх жилд бид үүнд анхаарч ажиллана. Боловсролын тухай хуульд дотоодын бүтээгдэхүүний хэмжээг заах, түүнийг байнга нэмэгдүүлэх, боловсролын санхүүжилтийн үндсэн  зарцуулалтыг хуульчилсан ч буруутахгүй. Тухайлбал, боловсролын санхүүжилтийн 20-30 хувь нь багшийн үнэлэмж, багшийн нийгмийн хамгааллын бодлого руу, тодорхой дүнг сургалтын хөтөлбөр, технологийн шинэчлэлтэд зарцуулах зэргээр квот тогтоох боломжийг эрэлхийлж болно.

Төсөв хэлэлцэхээс өмнө энэхүү саналаа оруулж тусгах боломжтой юу?

Монгол Улсын Үндсэн хуулиар УИХ-ын гишүүд Засгийн газраас өргөн барьсан төсөвт ямар нэгэн нэмэлт оруулах боломжгүй. Үндсэн хуулиар УИХ-ын гишүүдийн хэтийдсэн эрх мэдлийг хязгаарласан. Урьд өмнөх жилүүдэд УИХ-ын гишүүд дур мэдэн төсөвт тойргийн эрх ашгийг үндэслэн маш их мөнгө нэмдэг байсан. Энэ жил анх удаа УИХ-аас эхлэн энэ байдал арилж байгаа. Тиймээс бид Засгийн газраас өргөн барьсан төсөвт гишүүд санал бодлоо хэлж байгаа.

ШИНЭ МЭДЭЭ