МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийлээ
2020.11.03
Улстөр

УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийлээ

2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Ерөнхийлөгч Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлд заасан үндсэн бүрэн эрхийнхээ хүрээнд хууль санаачилна” гэсэн хэсэгт  Ерөнхийлөгч 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хэсэгчлэн хориг тавьсан.

Ерөнхийлөгч хориг тавих үндэслэлдээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалд огт нийцэхгүй, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нийт ард түмнээс сонгогдсон, төрийн тэргүүн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэгчийн хувьд улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар хууль, тогтоомжийн төсөл санаачлах эрхийг хэт хязгаарласан байна гэснийг Улсын Их Хурал 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахаар шийдвэрлэсэн. Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн хуулийн 88 дугаар зүйлийн 88.8, 88.9 дэх хэсэгт заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооноос холбогдох төслийг боловсруулсан байна.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг “Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно” гэж, 33 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно” гэж тус тус өөрчилсөнтэй холбогдуулан төслийг боловсруулжээ.

Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч нь Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газраас санаачлахаар тусгайлан зааснаас бусад асуудлаар хууль санаачлах эрхтэй бөгөөд ингэхдээ Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг баримтлан, санаачилсан хуулиараа өөртөө үндсэн бүрэн эрхт нь үл хамаарах тодорхой бүрэн эрх олж авахгүй байхаар зохицуулсан гэв.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.11.1 болон 24.11.3 дахь заалтуудын давхардлыг арилгах, 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсгийн нэр томьёог нийцүүлэхэд шаардлагатай томьёоллыг хамтад нь боловсруулжээ. Төслийн талаарх Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалангийн дээрх танилцуулгын дараа төслийн зүйл бүрээр хэлэлцэв.

Гишүүд төслийн зүйл, заалттай холбоотой санал хэлээгүй, харин Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн, батлуулах горимын санал гаргав. Энэ дагуу санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 11 гишүүний 6 нь дэмжлээ. Ингээд энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ.

ШИНЭ МЭДЭЭ