2020.11.04
Барилга, Хот байгуулалт

Х.Болорчулуун: Өнчин барилга барихыг хуулиар хориглох хэрэгтэй

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2020.11.04/ хуралдаанаар  Засгийн газар 2020.01.22-ны өдөр өргөн мэдүүлсэн Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун асуулт асуулаа:

Газар өмчлөлийн хууль гэж дампуу хууль гарсан. Газар өмчлөлийн хууль 20 орчим хувьтай явж байгаа байх.  Ийм хууль 50-100 хувьд хүртэл хэрэгжихгүй. Яагаад гэвэл нийслэлд өмчөөр өгөх газар байхгүй. Дэд бүтэцгүй газар аваад ч нэмэргүй. Эрх мэдэлтэй хүмүүс нь боломжтой газар өмчилчихдөг.  Жирийн иргэд нь газар өмчилж чадахгүй уулын орой дээр газар заагдчихдаг. 

Газар өмчлөлийн хуульд нэг засах зүйл бол дөнгөж төрсөн хүүхэд, нэг настай хүүхэд газар өмчлөх эрхтэй болж байгааг засах хэрэгтэй. 16 нас хүрсэн иргэний паспорт авсан хүүхэд газар өмчлөх эрхтэй гэж засах хэрэгтэй гэж бодож байна. Тэгэхгүй бол хүүхдийн өмнөөс нь эцэг, эх нь захиран зарцуулдаг. Тэр хүүхэд 100 хувь насанд хүрэх нь ч тодорхой биш байдаг. 

Цогцоор нь хороолол хотхоныг барих цаг нь болсон. Өнчин барилга барихыг хуулиар хориглох хэрэгтэй. Энэ нь зам талбай, хотжилтод саад болдог. Цаг хугацаа, хөгжил, хотжилтын хувьд ч нөлөөлж байна.

Аймаг хотын хот төлөвлөлтийн хөгжлийг тусад нь хууль дээрээ гаргаж өгөх хэрэгтэй. Аймаг, суманд газар чөлөөтэй байгаа учраас хөгжилтэй орны жишгээр бие даасан хороолол хотхонуудыг барьж байгуулах нь зүйтэй. Энэ нь иргэдийн амьдралд илүү хэрэгтэй. 

Түүний асуултанд Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн хариуллаа.

Жил бүр хуулийн дагуу Засгийн газраар тухайн газрын өмчлөх хэмжээ, байршлыг тогтоож өгдөг. Жил бүр хуулийн дагуу тогтоогоод явдаг ч явц нь тааруу хорин хэдэн хувьтай байгаа.  Газар өмчлөлийн хуульд таны саналыг анхаарч үзье. Цогцоор нь хороолол хотхон барихад энэ хуулийн концефц яг үүн рүү чиглэсэн. Цэцэрлэг, сургууль нийгмийн үйлчилгээний байгууллагатай нь хамтад төлөвлөхийг чухалчилж байгаа. Харин хороолол хотхоны жишиг зургийн талаар тодорхой хариулж чадахгүй байна. 

ШИНЭ МЭДЭЭ