Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
2020.11.04
Эдийн засаг, Худалдаа

Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2020.11.04) хуралдаан 17 цаг 13 минутад гишүүдийн 66.7 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малын тоо толгойн албан татварын тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай, Малын генетик нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа нар тус тус танилцуулахдаа Байнгын хороодоос хуулийн төслүүдийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй гэдгийг дурдав.

Иймд Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу хуулийн төслийг зүйл бүрээр нь  хэлэлцлээ. 

Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Ш.Раднаасэд, Д.Тогтохсүрэн нар асуулт асууж, үг хэлэхдээ Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн төсөлд бэлчээрийн менежмент, малын эрүүл мэнд, үүлдэр угсааг сайжруулах, гамшгаас хамгаалах, үлийн цагаан оготнотой тэмцэх зэргээр Орон нутгийн хөгжлийн санд төвлөрөх татварын орлогын захиран зарцуулалтыг тодорхой болгох шаардлагатай гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нутгийн өөрөө удирдах зарчмыг нь хүндэтгэж, татварын зарцуулалтыг хатуу тогтоохгүйгээр орон нутагт эрх мэдлийг өгөх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж байлаа. 

Хуулийн төслүүдийн талаарх Ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явуулсан. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн төслийн 7 дугаар зүйлд “Албан татвар төлөгч энэ хуулийн дагуу ногдуулсан албан татварыг тэнцүү хоёр хуваан тухайн жилийн 7 дугаар сарын 15, 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор өөрийн өмчилж буй малын тоо толгойг тоологдож бүртгэгдсэн сум, дүүргийн төсөвт төлнө гэсний дараа төсөвт төвлөрсөн албан татварын орлогыг бэлчээр хамгаалах, нөхөн сэргээлт, цөлжилттэй тэмцэхэд зарцуулна” гэж,  Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд хуулийн төслийн 8 дугаар зүйлд “Албан татварыг бэлчээр хамгаалах, нөхөн сэргээх, цөлжилттэй тэмцэхэд зарцуулна” гэсэн шинэ заалт нэмэх санал гаргасан ч хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. 

Харин гишүүд Сангийн сайдын саналаар  “Төсвийн тухай хуулийг дагаж гаргах Улсын Их Хурлын тогтоолын төсөлд малын тоо толгойн албан татварын зарцуулалтыг  тодорхой тусгасан  заалт оруулахаар тогтлоо. 

Мөн Ажлын хэсгийн зүгээс Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн “2 дугаар зүйлийн “2020 оны 10 дугаар сарын 01-ний” гэснийг “2021 оны 01 дугээр сарын 01-ний” гэж өөрчлөх”  санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 70.6 хувь нь дэмжлээ. 

Ингээд Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. 

ШИНЭ МЭДЭЭ