МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

П.Анужин: Бид иргэдээ соён гэгээрүүлж, сэрээх үүрэгтэй
2020.11.09
Орон нутгийн хөгжил

П.Анужин: Бид иргэдээ соён гэгээрүүлж, сэрээх үүрэгтэй

УИХ-ын гишүүн П.Анужин хүн ардынхаа хандлага, зан чанарт сайнаар нөлөөлөх, соён гэгээрүүлэх ажлыг олон жил хийсээр ирсэн.

Тэрээр энэ удаа өөрийн сонгогдсон тойрогтоо иргэдийг соён гэгээрүүлж, эерэг хандлагыг бий болгох, сайн аав ээж байхад зориулсан сургалтыг мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн иргэд, байгууллагуудтай хамтран тойргийнхоо иргэдэд нээлттэй байдлаар зохион байгуулсан байна. Сургалтанд суусан эцэг, эхчүүдийн ухамсар, хандлагад сайн өөрчлөлт гарч, бие биенийгээ хайрлах үнэ цэн нэмэгдэж байгааг гишүүн онцолжээ.

Тэрээр энэ тухайгаа өөрийн цахим хуудаст бичихдээ,
“Миний ажил гэр олгох биш, байшингийн дээвэр нөхөх биш, нүүрс түлшний мөнгө олгох биш, хүүхдийн төлбөр төлөх ч биш, хоол хувцас, эм эмчилгээг даах бас биш ээ. Ажлаа андуурч, үрэх зарахаа олж ядаагүй. Монголчууд гэр биш байшин хороололд, түлээ нүүрс бус хийн хэрэглээтэй, хоол хувцсаа хүссэнээрээ авчихдаг сайн цалинтай. Сурч дэлгэрдэг тэгш нөхцөлтэй, хөдөлмөрлөж зүтгээд нуруу тэнийдэг хангалттай тэтгэвэртэй , өвдөж ядрахад гуйлга гуйдаггүй бардам хуримтлалтай болох зөв тогтолцоог буй болгож. Монгол хүн монголдоо тавтай амар амьдрах шударга, хүнлэг, зовлонгүй тогтолцоог  бүтээж буй болгох нь бидний ажил гэдгийг онцолсон.

Мөн тусламж хэрэгтэй олон иргэдийн, өч төчнөөн өргөдөлийг миний шийдэх асуудал биш, зохих газар нь уламжиллаа гээд сууж бас чадахгүй нь. Өнгөлөн тэтгэхэд өөдөө дэвшдэг хүмүүсийг олж туслахыг хичээж байна гэдгээ П.Анужин гишүүн илэрхийлсэн. Тэрээр халамж, хоол хүнс, орон гэр, төлбөрт нь туслах гэсэн аргацаасан ажил хол явахгүй. Сүүлийн 30 жилд төлөвшин тогтсон сонгогч, сонгогдогчийн сэтгэлгээ, хандлагыг би нэг л өдөр халж чадахгүй ч эрүүл зарчимд шилжүүлэхийн төлөө ажиллах ёстой. Бид иргэд сонгогчдоо гэгээрүүлж сэрээх үүрэгтэй” гэжээ.

УИХ-ын гишүүн П.Анужин иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх тал дээр ч өөрийн туршлагаа бусадтай хуваалцдаг нэгэн. Ялангуяа хоол хүнсээрээ дамжуулан хүн бүр хэрхэн эрүүл байх боломжтой тухай ярьж, зөвлөдөг. Тэрээр энэ чиглэлээр УИХ-ын гишүүнийхээ хувьд Орчлон сургуулийн хоол хүнс үйлдвэрлэл, сурагчдаа хэрхэн хангаж байгаатай танилцсан байна.

Орчлон сургууль нь 2012 оноос сурагчдынхаа хоолны орц найрлагад анхаарч эрүүл, шимт хүнсийг нэвтрүүлэх хүсэлтээ гишүүнд илэрхийлж, хамтран ажилласан байна. Энэ туршлагыг судлаж, ажил хэрэг болгохоор Сонгинохайрхан дүүргийн  сургууль цэцэрлэгийн удирдлагуудыг Орчлон сургуулийн хоол үйлдвэрлэлтэй танилцуулжээ. Хоолны орц найрлагыг өөрчилснөөр багш сурагчдын эрүүл мэндийн үзүүлэлт сайжирч, ханиад томууны тархалт эрс багассан зэрэг олон чухал өөрчлөлт гарчээ. Мөн Кэмбриджийн хөтөлбөрийг анхлан нэвтрүүлсэн туршлага, өнөө үед хамгийн их хэрэгтэй  “Зүрх сэтгэлийн боловсрол”-ыг хэрхэн олгож буй туршлагаасаа ч сургуулийн удирдлага, хамт олон хуваалцжээ.

ШИНЭ МЭДЭЭ