МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.11.18
Улстөр

Хүүхдийн мөнгийг 2021 оны 07-р сарын 01 хүртэл хугацаанд олгоно

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах арга хэмжээний талаар хэлэлцэн тогтоол гаргалаа. Үүнд:

  • Хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн үйлчилгээг түргэн шуурхай, иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүйгээр олгох. Хүүхдийн мөнгийг 2021 оны 07 дугаар сарын 01 хүртэл үргэлжлүүлэн олгох
  • 2021 оны 07 дугаар сарын 01 хүртэлх хугацаанд Нийгмийн даатгалын шимтгэлээ хуульд заасан хугацаанд төлөөгүй аж ахуйн нэгж, байгууллагыг алданги, торгуулиас чөлөөлөх
  • 2021 оны 07 дугаар сарын 01 хүртэлх хугацаанд албан татвараа хуульд заасан хугацаанд төлөөгүй бол алданги, торгуулиас чөлөөлөх
  • 2021 оны 07 дугаар сарын 01 хүртэлх хугацаанд худалдааны төв, худалдаа, үйлдвэр, үйлчилгээ, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр, талбай түрээслүүлсэн албан татвар төлөгч түрээсийн төлбөрөө бууруулсан нь нотлогдсон бол татварын хөнгөлөлт үзүүлэх
  • 2021 оны 07 дугаар сарын 01 хүртэлх хугацаанд бүх төрлийн хүнсний будаа, ургамлын тос, өвс, мал, амьтны тэжээл, тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх, дотооддоо боловсруулан борлуулсан ургамлын тос, өвс, мал, амьтны бүх төрлийн тэжээл, хүнсний будааг НӨАТ-аас чөлөөлөх
  • Хүнсний бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, савлалт, хүргэлт, тараалт, борлуулалтыг хэвийн явуулах
  • Ипотекийн зээлийн 2021 оны 07 дугаар сарын 01 хүртэлх хугацааны үндсэн болон хүүгийн төлбөрийг зээлдэгчийн хүсэлтээр хойшлуулах, үлдэгдэл төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр гэрээний хугацааг сунгах
  • Банк, банк бус санхүүгийн байгууллага, Хадгаламж зээлийн хоршооноос олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулах хүсэлтийг шийдэхдээ нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги ногдуулан хүүг нэгтгэж тооцох зэргээр нэмэлт дарамт үүсгэхгүйгээр гэрээг өөрчилж хугацааг сунгах
  • Ашигт малтмал, газрын тосны бүтээгдэхүүн экспортлодог аж ахуйн нэгжүүдийг халдвар хамгааллын онцгой дэглэмд шилжүүлж, халдвар, хамгааллын аюулгүй нөхцөл бүрдүүлэх
  • Хилийн боомтуудыг халдвар хамгааллын онцгой дэглэмд бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах, тээврийн жолооч нарыг шинжилгээнд бүрэн хамруулах, боомтуудыг “Ногоон бүс” гэж зарлах, тээвэрлэлтийг дараалал үүсгэхгүй зохион байгуулах
  • Бүх төрлийн шуудан, илгээмжийг ариутгаж халдваргүйжүүлэх
  • Оношлуур, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис, амны хаалтыг импортын Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх
  • Татвар, гаалийн байгууллага тайлан гаргах, татвар төлөх, гаалийн бүрдүүлэлт хийх зэргээ цахимжуулах
  • Татварын өртэй татвар төлөгч төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн бараа, ажил, үйлчилгээний төлбөрийн авлага, бусад татварын илүү төлөлттэй бол хүсэлтийг нь харгалзан татварын өрийг тухай бүр нь суутгаж тооцох
  • Зээлийн батлан даалтын сан бизнесийг сэргээхэд ажлаа чиглүүлэх, идэвхжүүлэх
  • Төсвийн болон төрийн байгууллага, төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдэд ажил, үйлчилгээ үзүүлсэн, бараа нийлүүлсэн бол төлбөрийг шуурхай барагдуулах
  • Дотоодод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан авч байх
  • Бүх төрлийн сонгон шалгаруулалтын хугацааг 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэл сунгах
  • Төсвийн захирагч нар хэмнэлтийн горимоо үргэлжлүүлэх зэрэг шийдвэр гаргасан байна.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх төр, засаг, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийг дагаж байгаа иргэд, үүрэг гүйцэтгэж байгаа бүх байгууллагын ажилтан, албан хаагчдад талархал илэрхийллээ. Хүнд үеийг эв нэгдэлтэй байж, халдварын тархалтыг зогсоож, хяналтдаа авна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв. 

ШИНЭ МЭДЭЭ