2020.11.19
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Б.Дэлгэрсайхан: Хил, гааль дээр ажиллаж байгаа албан хаагчид урамшуулалд хамрагдах уу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.11.19\ нэгдсэн хуралдаанаар "Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажлын явц, үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар" мэдээллийг сонсож байна.

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж байна. 
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан асуулт асуулаа:

Орон нутгаас ирсэн эмнэлэг болон буяны ажиллагаа хийгээд буцаж чадахгүй байгаа ар гэртээ үр хүүхэд, малаа орхисон иргэдийн асуудлыг яаж шийдэх вэ? Зарим иргэд мөнгө төгрөг байхгүй машиндаа хонож байгаа асуудлууд байна.

Экспорт, импортын гол бүтээгдэхүүн орж, гарч байгаа Дорноговь аймгийн хоёр боомт, Замын Үүд, Ханги, Өмнөговийн хоёр боомтуудын үйл ажиллагааг хэвийн явуулах талаар яаж анхаарч байна вэ? Жишээлбэл: Замын Үүдийн боомтоор экспортонд гарч байгаа нүүрс ус гарахгүй байна гэсэн асуудлыг яаж шийдэж байна вэ?  Замын Үүдийн боомтоор нүүрс ачсан гучхан машин гарч байна. Хил 15 цаг гээд хаагаад байна. Хилийн боомтын ажиллах цагийг уртасгаж өгөөч. 

Ковид-19-ын үед ажиллаж байгаа үүрэг гүйцэтгэгчдийг сарын цалингаар урамшуулсан гэсэн. Хил гааль дээр ажиллаж байгаа хилчид, гааль, мэргэжлийн хяналт, цагдаагийн албан хаагчид үүнд хамрагдаж байна уу?

Дорноговь аймаг дээрх Нефтийн үйлдвэрийн бүтээн байгуулалтын үйл ажиллагаа явагдаж байна. Үүнтэй холбоотой Энэтхэгээс маш олон инженер техникийн ажилчид ирсэн. Улаанбаатар хотод ажиллах хоног хугацаа нь дууссан боловч Улаанбаатарт каринтинд хоригдоод байна. 

Түүний асуултанд Шадар сайд Я.Содбаатар хариуллаа.

Хөдөө орон нутагтай асуудлаар дээр хариулсан. Бид өвчний тархалт, нөхцөл байдалтай уялдуулж энэ асуудлын шийдвэр гарна. Сэлэнгэ, хойд зүгээс орж ирсэн халдварын шинжилгээ хараахан дуусаагүй байна. Одоо ойр, холын хавьтлууд, төмөр замын шинжилгээний ажлууд явагдаж байна. Хэрэв орон нутагт явуулбал хэрхэн ажиллах төлөвлөгөө гарсан байгаа. Хятад улстай хиллэж байгаа хилийн боомт дээр энэ бүх нийтийн бэлэн байдлын зэргийн үед ямар нэг өөрчлөлт, хориглож, хязгаарласан зүйл байхгүй. Тэнд халдвар хамгааллын дэглэм барих тал дээр холбогдох байгууллагуудад албан даалгавар, чиглэл өгсөн. 

ШИНЭ МЭДЭЭ