QR системийн бүртгэл амжилттай хэрэгжиж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Нийслэлийн Засаг даргын орлогч, Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр
2020.11.23
Орон нутгийн хөгжил

QR системийн бүртгэл амжилттай хэрэгжиж байна

Улсын онцгой комиссын шийдвэрийн хүрээнд үйл ажиллагааг нь хязгаарлаагүй нэр бүхий 13 салбарын ажилтан, албан хаагчид нийтийн тээврийн хэрэгсэл, албаны болон хувийн автомашинаараа 06.00-22.00 цагийн хооронд нээлттэй зорчих болсон. Энэ хүрээнд Нийслэлийн онцгой комиссоос QR системийг нэвтрүүлж явган зорчигч болон автомашины хөдөлгөөний бүртгэлийг хийж эхэлсэн.

QR системийг нэвтрүүлэх ажлын хэсгийн ахлагч, Нийслэлийн Засаг даргын орлогч, Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяраас уг системийн талаар тодрууллаа.


QR системийг хэрхэн нэвтрүүлж байна вэ?

- Өнөөдрийн байдлаар онцгой комиссоос хязгаарлалт тогтоогоогүй 13 байгууллага, УОК, НОК, ДОК-ийн машинуудыг бүртгэн цагийн хязгаар тогтоохгүй замын хөдөлгөөнд оролцуулж байна. Мөн хүнд өвчтэй болон эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах шаардлагатай иргэдийн автомашиныг QR системээр бүртгэлжүүлж байна. Цаашид дэглэм хэрхэн буурахаас шалтгаалж хүнсний мухлаг 6 нэрийн дэлгүүрүүдийн хүнсний хүргэлтийн машинуудыг уг системд нэвтрүүлнэ.

QR кодыг хэрхэн авах вэ?

- QR кодыг авахын тулд үйл ажиллагааг нь хязгаарлаагүй нэр бүхий 13 салбарын байгууллага нь төв байгууллагаараа дамжуулан албан тоот бүрдүүлж, автозамын хөдөлгөөнд оролцох машины дугаараа бүртгэлд оруулах ёстой. Ингэснээр Нийслэлийн мэдээллийн технологийн газраас QR зөвшөөрлийг цахимаар олгож байгаа.

QR системд бүртгүүлсэн тохиолдолд замын хөдөлгөөнд оролцох үед хэрхэн шалгуулж нэвтрэх вэ?

- Энэхүү системд бүртгэгдэж, QR кодыг авсан бол та тухайн QR кодыг хэвлэн авч явах боломжтой. Ингэснээр хөдөлгөөний хязгаарлалт хийж байгаа тээврийн цагдаагийн албан хаагчид өөрсдийн хэрэглэдэг автомашины зөрчил шалгагч төхөөрөмж дээр таны машины бүртгэгдсэн QR кодыг уншуулна. QR кодоо хэвлүүлээгүй тохиолдолд автомашины дугаар нь шүүж, гар утсан дээрээ таны бүртгэгдсэн QR кодыг уншуулж нэвтрүүлэх юм. Ингэснээр иргэд болон тусгай албан хаагчдад чирэгдэл учруулахгүй бөгөөд машины шилний цаанаас дээрх үйл явцыг хэрэгжүүлэх учраас ямар нэг хавьтал хийж эрсдэлтэй байдал үүсгэхгүйгээр шалган явуулах боломжийг бүрдүүлсэн юм.

QR системийн бүртгэл нь замын хөдөлгөөнд иргэдийг бүртгэлтэй оролцуулахаас гадна цар тахлаас урьдчилан сэргийлэх давуу тал болж чадаж байгаа юу?

- Иргэдийн зорчилт хөдөлгөөний QR систем нь иргэний үнэмлэхний арын QR кодыг уншуулж бүртгэх юм. Ингэснээр тухайн иргэний байршил бүрийг бүртгэж, эрсдэлтэй тохиолдол илэрсэн үед хурдан шуурхай олж илрүүлэн 1, 2, 3 дугаар хавьтагч нарыг олж тогтоох гол зорилготой юм. Энэ QR нь дэлхийн олон оронд хэрэглэсэн сайн жишээ юм.

Нийслэлийн засаг даргын орлогч Д.Ихбаяраар ахлуулсан баг QR системийг нэвтрүүлэхээр хурдан шуурхай ажиллаж, 7 хоногийн хугацаанд 2 ч системийг нэвтрүүлээд байна.

Мөн QR системд бүртгэгдэж байгаа иргэний мэдээлэл нь таныг шалган нэвтрүүлж буй тухайн албаны хүний гар утсанд огт хадгалагдахгүй бөгөөд шууд Улсын бүртгэлийн системд Үндэсний Дата төвд хадгалагдах юм. Ингэснээр иргэдийн хувийн мэдээллийн нууцлалыг хадгалж, аюулгүй байдлыг ханган ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн байна.

Цахим засаглалыг нэвтрүүлж буй энэ үед олон ажилд цахимжуулалт хийнэ гэдэгт итгэлтэй байна. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар болон түүний багийнханд амжилт хүсье.

ШИНЭ МЭДЭЭ