Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Д.Ихбаяр: QR кодыг нэвтрүүлснээр эрсдэлтэй байдлаас сэргийлнэ
2020.11.24
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Д.Ихбаяр: QR кодыг нэвтрүүлснээр эрсдэлтэй байдлаас сэргийлнэ

Улсын онцгой комиссын хуралдаанаар зөвшөөрөгдсөн 13 байгууллагын ажилчид болон бараа, үйлчилгээний хүргэлтийн машиныг энгийн горимоор явуулах шийдвэр гаргасан. Ингэхдээ ирэх даваа гарагаас автомашинууд QR кодоо уншуулаад хөдөлгөөнд оролцох боломжтой болоод байгаа. Энэ системийг хийх ажлын хэсгийн ахлагчаар Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ихбаяр ажиллаж байгаа аж. Түүнээс энэ талаар тодрууллаа. 

-Нийслэлд замын хөдөлгөөнд машинуудыг QR кодоор зорчуулахаар болжээ. Энэ талаар?

-Жолооч нар маань чиглэл чиглэлээрээ харьяалагдах байгууллагууддаа хандаж QR кодоо хийлгэнэ гэж ойлгох хэрэгтэй.

-Бараа, үйлчилгээний хүргэлтийн машинуудыг QR кодоо хаанаас, яаж авч байгаа вэ?

-Хүнсний чиглэлийн 770 үйлдвэр байна. Хүнсний хангамж хүргэдэг томоохон сүлжээ дэлгүүр, үйлдвэрийн 2000 машин, хүнс импортын 220 ААН-ийн 2000 машин 7:00-17:00 цагийн хооронд, тээврийн хязгаарлалтгүйгээр 3761 дэлгүүрт бараа бүтээгдэхүүнээ хүргэх юм. Ингэхдээ түгээлт хүргэх дүүрэг бүрт бүртгэл хийлгэж, байгууллагын регистрийн дугаар, машины улсын бүртгэлийн дугаар, марк зэргийг дүүргийн хүнс үйлдвэрлэлийн газарт мэдээлнэ.

Дүүрэг бүрийн хүнс үйлдвэрлэлийн хэлтэс нь Улаанбаатар хотын Захирагчийн албанд энэ мэдээллийг хүргүүлэх ёстой. Үүнийг бид нэгтгэж, Замын инженерчлэлийн газрын нэгдсэн системд холбож өгнө. Ингээд Улаанбаатар хот дахь смарт картын машинаас QR кодоо хэвлүүлэн авах боломжтой. Дээрх QR код бүхий цаасанд Улаанбаатар хотод нэвтрэх машины зөвшөөрөл, машины дугаар хамт гарч ирнэ. Үүнийгээ машины шилэнд байрлуулснаар замын цагдаа нар QR кодоор тухайн машины зөвшөөрлийг шалгах боломжтой юм. Ингэснээр ямар нэгэн контакт үүсч, эрсдэл тэй байдал үүсгэхгүйгээр шалган явуулах боломж бүрдэнэ. 

-Машинтай зорчиж байгаа иргэдийн тухайд ийм байдаг байж. Явган зорчигчийн тухайд ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ?

-Иргэдийн зорчилт хөдөлгөөний QR системээр хянаж ажиллана. Тодруулбал явган зорчигчийн иргэний үнэмлэхний арын QR уншуулж, тухайн иргэний байршил бүрийг бүртэж эрсдэлтэй тохиолдол илэрвэл хурдан шуурхай олж илэрүүлэн, 1,2,3 дугаар хавьтагчдыг олж тогтоох гол зорилготой. Энэ QR нь дэлхийн олон оронд хэрэглэсэн сайн жишээ юм билээ. Энд нэг зүйлийг онцлоход QR –д бүртгэгдэж байгаа иргэний мэдээлэл шууд улсын бүртгэлийн системийн Үндэсний ДАТА төвд хадгалагдах юм. Өөрөөр хэлбэл тухайн хүний мэдээлэл албаны хүний утсанд хадгалахгүй гэсэн үг.

Б.АРИУНЗАЯА

ШИНЭ МЭДЭЭ