Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг ирэх оны  7-р сарын 1 хүртэл сунгалаа
2020.11.25
Эдийн засаг, Худалдаа

Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг ирэх оны 7-р сарын 1 хүртэл сунгалаа

Улсын Их Хурлын Түр хорооны өчигдөрийн (2020.11.24) ээлжит хуралдаан 12 цаг 17 минутад “Их Хуралдай” танхимд  гишүүдийн 60 хувийн ирцтэй эхэлж, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг хэлэлцэх, хяналт тавих, санал, дүгнэлт гаргах асуудлыг хэлэлцсэн. 

Тэрбээр, Монголбанк энэ хүрээнд 5 чиглэлээр арга хэмжээ авч ажиллаж байгааг дурдаад  2020 оны 11 дүгээр сарын 12-21-ний өдрийн хооронд цахим  тооцооны гүйлгээ бэлэн бус хэлбэрээр хийхэд ямар нэгэн хүндрэл үүсээгүй, төлбөр тооцоо саатсан, тасалдсан тохиолдол гараагүйг тодотгохын зэрэгцээ халамжийн мөнгө олгох асуудлыг арилжааны банкуудтай хамтран ажиллаж, хүндрэлгүй шийдсэн гэж байлаа.

Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн Монголбанкнаас авч хэрэгжүүлж байгаа бодлогын арга хэмжээний талаар танилцуулсан.  

Мөн Мөнгөний бодлогын хороо 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ээлжит бусаар хуралдаж, мөнгөний бодлогын хүүг 8-аас 6 хувь болгон бууруулж, цаашлаад төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг бууруулсан.

Эдгээр шийдвэр гарснаар банкуудад олгох санхүүжилтийн хүүг бууруулах, зээлийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, санхүүгийн нөхцөлийг зөөлрүүлэх, эдийн засгийн уналтыг хязгаарлах, сэргээх төдийгүй заавал байлгах нөөцийн бууралтаар нийтдээ 401 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэр чөлөөлөгдөж зах зээлд нийлүүлэгдэхэд бэлэн болно.

Мөнгөний бодлогын хорооноос төв банкнаас хүлээн зөвшөөрсөн активыг барьцаалж, урт хугацаат дахин санхүүжүүлэх хэрэгсэл буюу репо хэлцэл хийх, хэрэглээний зээлийн хугацааг сунгах асуудлыг хэлэлцэж дэмжигдсэн гэдгийг  Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч мэдээлэлдээ онцолж байсан.  

Түүнчлэн тэрбээр Монгол Улсын Засгийн газар, банкуудтай нягт хамтран ажилласны үр дүнд ипотекийн хөнгөлттэй нөхцөлтэй зээлийн эргэн төлөлтийн хугацааг зээлийн үндсэн болон хүүний төлбөрийг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаагаар хойшлуулах шийдвэр гарч, энэ хүрээнд 310 тэрбум төгрөг хойшлуулна гэсэн тооцоо гаргасныг тодотгосон.  

Мөн бизнесийн болон хэрэглээний эээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулах  боломжийг олгосон, хугацааг сунгахаар шийдвэрлэсэн гэж байлаа. 

Хатуу хөл хорионы энэ үед хөрөнгийн зах эээлийн арилжааны хэмжээ багассан ч 2020 оны 11 дүгээр сарын 11-23-ны өдрийн хооронд нийтдээ 11,142,320 /680 гаруй сая төгрөгийн/ ширхэг үнэт цаасны арилжаа хийгдсэн байна.

Монголын хөрөнгийн биржийн арилжаа цахим горимоор хэвийн явагдаж байна. Тухайлбал, Үнэт цаасны хадгаламжийн байгууллага, Клирингийн төв зэрэг дэд бүтциин гол байгууллагууд үнэт цаасны арилжаа, төлбөр тооцоо, өмчлөх эрхийн бүртгэлийг бүхэлдээ онлайн горимоор хэвийн үргэлжлүүлж байгаа.

Даатгалын компаниуд цар тахлын үед цахим горимоор үйл ажиллагаагаа явуулж байна. Тухайлбал, даатгалын бүх комлани утсаар болон фейсбүүк мессенжер буюу чатбот ашиглан, 5 даатгалын компани дээрх төрлөөс гадна цахим болон гар утасны аппликейшн ашиглан зөвлөгөө өгөх, даатгалын тохиолдлын талаар мэдээлэл болон нөхөн төлбөрийн баримт материалыг хүлээн авах зэргээр даатгалын үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

2020 оны 11 дүгээр сарын 11-23-ны өдрүүдэд ердийн даатгалын компанийн хувьд нийтдээ 1554 даатгалын тохиолдол бүртгэж, 632 тохиолдолын 231.2 сая төгрөгийн нөхөн төлбөрийг олгосон бол одоогоор 922 даатгалын тохиолдлыг шийдвэрлэгдээгүй байна. Үүнийг шийдвэрлэхээр ажиллаж байна гэж Д.Баярсайхан дарга мэдээлэлдээ дурдсан. 

Мөн мэдээлэлд УИХ-ын 2020 оны "Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх,төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай" 32 дугаар тогтоолоор өгөгдсөн үүргийн дагуу "НОСК ХХК-иар дамжуулан хэрэгжүүлж буй түрээслээд өмчлөх хөтөлбөрийн санхүүжилтийн схемийг Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хуультай нийцүүлэн гаргахад арга зүйн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж, холбогдох зөвшөөрлийг олгоод байна.

Энэ хүрээнд эхний ээлжийн 420 иргэдийн түрээсийн гэрээгээр баталгаажсан 34.4 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг Санхүүгийн зохицуулах хороо 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр бүртгэн, санхүүгийн хэрэгсэл болгоод байна.

Банк бус санхүүгийн байгууллагын активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам"-д 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дуустал хугацаанд зээлийн ангиллыг бүртгэх хугацааны үзүүлэлтүүдийг суллаж өгсөн. Энэ хүрээнд 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 200 гаруй ББСБ-аас үйл ажиллагаа нь тасалдаж хүндрэл үүссэн 103.9 мянган зээлдэгчийн 250.4 тэрбум төгрөгийн эээлийн гэрээнд өөрчлөлт оруулж үндсэн төлбөр болон хүүг төлөх хугацааг сунгасан.

"Хадгаламж, зээлийн хоршооны активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам"-д 2 удаа өөрчлөлт оруулсны үр дүнд 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар үйл ажиллагаа тасалдаж хүндрэл үүссэн 3,245 зээлдэгчийн 7.2 тэрбум төгрөгийн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, үндсэн төлбөр болон хүүг төлөх хугацааг сунгасан байна.  

УИХ-ын 2020 оны 32 дугаар тогтоолыг хэрэгжүүлж Зээлийн батлан даалтын сангийн зохицуулалтын журамд зохицуулалтын өөрчлөлтүүдийг оруулснаар нийт 39 жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд 6.7 тэрбум төгрөгийн батлан даалт гаргасан гэж дурдсан байв.

Дээрх мэдээллүүдтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа “Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагг үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. 

Уг тогтоолд цар тахлын хүрээнд иргэн, аж ахуйн нэгж байгууллага, олон улсын хандивлагч байгууллагаас авсан зээл, тусламжийн зарцуулалтын явц, үр дүнг Улсын Их Хурал /Түр хороо/-д сар тутам тогтмол тайлагнах, гамшгаас хамгаалах тухай хууль болон бусад хуулиудад өөрчлөлт оруулах, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах чиглэлээр шийдвэрлүүлэх саналаа Улсын Их Хуралд танилцуулах.

Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор олон улсын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хөрөнгөд тулгуурласан нэн  хөнгөлөлттэй, уян хатан зээл, тусламжийн шинэ эх үүсвэр бий болгох, уг арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд тус тус даалгахаар тусгасан байв. 

Мөн иргэд, аж ахуйн нэгжийн банк, банкнаас бусад санхүүгийн байгууллага дахь зээлийн хүүг бууруулах, зээл төлөлтийн хугацааг хойшлуулах болон хөнгөлөлт үзүүлэх чиглэлээр Монгол Улсын Их Хурлын 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай" 32 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх, түлш, шатахуун, мах гурил зэрэг гол нэрийн бүтээгдэхүүний хомсдол үүсгэхгүй, үнэ хөөрөгдөхгүй байхад чиглэсэн төлөвлөгөөг боловсруулах.

Нөөц бүрдүүлэх, хэрхэн хангах талаар цаашид авах арга хэмжээний саналаа УИХ-д танилцуулах,  цахим орчин дахь мэдээллийн аюулгүй байдлыг хангах, халдлагаас урьдчилан сэргийлэх, олон нийтийн сүлжээнд эмх замбараагүй байдалд бусдыг уриалсан, турхирсан мэдээлэлд тавих хяналтыг сайжруулах.

Хөдөө орон нутгаас түр хугацаагаар ирсэн иргэд болон оюутнуудыг шинжилгээнд хамруулан гэрт нь буцаах арга хэмжээг ойрын хугацаанд зохион байгуулах, коронавируст халдвар /Ковид-19/-ын вакцин гарсан тохиолдолд эхний ээлжинд худалдан авах талаар олон улсын байгууллагуудтай гэрээ хэлэлцээр байгуулахад анхаарах, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж, эрдэмтэн судлаачдын саналыг харгалзан “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай" хуулийн үйлчлэх хугацааг сунгах эсэх талаар саналаа Улсын Их Хурал /Түр хороо/-д хуулийн үйлчлэл дуусахаас өмнө танилцуулах талаар тус тус тусгасан байлаа. 

Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүдээс гаргасан  саналаар санал хураалт явуулж, олонхын дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусган, найруулгын засч сайжруулан Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд танилцуулахаар боллоо. Энэ талаар Түр хорооны дарга Б.Баттөмөр чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

ШИНЭ МЭДЭЭ