ТБХ: Шилэн дансанд бүртгэлтэй байгууллагуудаас Аудитад 6463-ыг нь хамруулжээ
2020.11.25
Эдийн засаг, Худалдаа

ТБХ: Шилэн дансанд бүртгэлтэй байгууллагуудаас Аудитад 6463-ыг нь хамруулжээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2020.11.25) хуралдаан 10 цаг 30 минутад 77.8 хувийн ирцтэйгээр эхэлж, дараах асуудлыг хэлэлцлээ.

Үндэсний аудитын газрын “Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн аудитын тайлан”-г сонслоо.

Тус аудитад улсын төсвийн 32 төсвийн ерөнхийлөн захирагч, тэдгээрт хамаарах 266 байгууллага, аймаг нийслэлийн 22 төслийн ерөнхийлөн захирагч, тэдгээрт хамаарах 4087 байгууллага буюу нийт 4352 байгууллагыг түүвэрлэн шилэн дансны нэгдсэн системд байршуулсан мэдээллийг төсөв, санхүүгийн холбогдох баримт, нотлох зүйлстэй тулган шалгах горимыг хэрэгжүүлжээ.

Бусад 1458 байгууллага, аж ахуйн нэгжийн хувьд төсвийн ерөнхийлөн захирагчдаас ирүүлсэн дотоод хяналтын дүн мэдээ болон шилэн дансны нэгдсэн цахим хуудаст байршуулсан мэдээлэлд үндэслэн гүйцэтгэсэн байна.

Шилэн дансны тухай хуулийн үйлчлэлд төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд; төрийн өмчит үйлдвэрийн газар; хяналтын багц буюу түүнээс дээш хэмжээний хувьцааг нь төр, орон нутаг болон тэдгээрийн нэгдмэл сонирхолтой этгээд эзэмшиж байгаа компани; улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөр, арга хэмжээ, ажил, үйлчилгээ гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага; төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хууль тогтоомж, гэрээний үндсэн дээр гүйцэтгэгч иргэн, аж ахуйн нэгжүүд хамаардаг юм.

Шилэн дансанд нийт 37 төрлийн мэдээлэл тавигддаг, үүнээс 8 төрлийн мэдээлэл нь жилд 1 удаа, гурван төрлийн мэдээллийг хагас жил тутам, 11 төрлийн мэдээлэл нь улирал, сар тутам тавигддаг байна. Харин 7 хоног тутам байршуулах ёстой 9 төрлийн мэдээлэл байдаг байна.

Шилэн дансанд бүртгэлтэй 7944 байгууллага, хуулийн этгээд байдаг ба 5811 нь төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байгаа гэв. Аудитад 6463-ыг нь хамруулжээ.

ШИНЭ МЭДЭЭ