МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ковид-19 vs Төсөв-2021
2020.11.27
Эдийн засаг, Худалдаа

Ковид-19 vs Төсөв-2021

Монгол Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулган үргэлжилж байна. www.vip76.mn сайтын редакцын зүгээс намрын чуулганы хугацаанд болж буй онцлох үйл явдал болон хууль батлах дээд байгууллагаас батлагдан гарч буй онцлох хууль, тогтоомжийг уншигч танд танилцуулж байна. 


Дэлхийн бөмбөрцгийн өнцөг булан бүрт хүн төрөлхтөн айж, тэмцэж, даван туулж буюу коронавируст халдварт КОВИД 19 цар тахал нийгмийн амьдрал, худалдаа, эдийн засаг, хүний харилцаанд цоо шинэ нөхцөл, сорилтыг авч ирсэн. Улс орнууд эдийн засаг, төсвийн хөрөнгө оруулалтаа эрсдэлт нөхцөлийг даван туулах олон арга барилаар боловсруулж буйн адилаар Монгол Улс ч амаргүй цаг үед ирэх оныхоо улсын нэгдсэн төсвөө баталлаа. 

ТӨСӨВ гэдэг үг та бидний чихэнд хол сонсогдох, уншихад төвөгтэй олон тоо байх хэдий ч тоо нэг бүр Монгол Улсын иргэн бүрийн амьдралд шууд болон дам байдлаар хамааралтай байдаг гэдгийг санах хэрэгтэй. 

Монгол Улсын Их Хурал анх удаа цахимаар хуралдаж, улсынхаа бүтэн жилийн төсвийг хэлэлцэн баталсан нь 2020 оны намрын ээлжит чуулганы онцлох үйл явдал яах аргагүй мөн билээ. 

2021 оны нэгдсэн төсвийн хуульд орсон онцлох тоонуудыг тайлбарлан үзүүлье.

Орлого, зарлага

Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн нийт орлого 8 их наяд 737.7 тэрбум төгрөг. Харин нийт зарлага 10 их наяд 676.6 тэрбум төгрөг байхаар тооцож баталлаа. 

2021 оны төсвийн жилд:

  • Ирээдүйн өв санд 1 их наяд 180.1 тэрбум төгрөг, 
  • Төсвийн тогтворжуулалтын санд 156.0 тэрбум төгрөг хуримтлуулахаар тооцсон байна. 

Төсөл, арга хэмжээ

Мөн 2021 оны төсвийн жилд санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний талаар ажлын хэсэг болон Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдийн гаргасан саналуудыг төсөлд нэмж тусгаснаар нийт 1100 төсөл, арга хэмжээг 1,390,921.0 сая төгрөгөөр санхүүжүүлж хэрэгжүүлэхээр тусгажээ. Харин “Барих-шилжүүлэх” концессын төрлөөр хэрэгжүүлсэн 5 төсөл, арга хэмжээний эргэн төлөлтөд 266,268.7 сая төгрөг төлнө. 

Тухайлбал, гаалийн шинэчлэлийн хүрээнд лабораторийн барилга барьж, тоног төхөөрөмжөөр хангахад 30 тэрбум төгрөг төсөвлөж байгаа бол хорихоос өөр төрлийн ял эдлэх гэрийн хорионд байгаа иргэдийн цахим бугуйвч, программ хангамж, тоног төхөөрөмжид 6.5 тэрбум төгрөг төсөвлөхөөр тусгажээ.

Төрийн өмчийн газрыг зурагжуулж бүртгэн газрын кадастрын мэдээллийн санд оруулж баталгаажуулах ажлыг 2021 онд эхлүүлэх бөгөөд 1.3 тэрбум төгрөг зарцуулах бол хаягийн мэдээллийн нэгдсэн систем байгуулахад 880 сая төгрөг зарцуулах нь.

Монгол Улсын хүн амын нутагшил, суурьшлын хөгжлийн ерөнхий төслийг боловсруулах 6.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий ажилд ирэх онд 2.7 тэрбум төгрөг тусгахаар төлөвлөсөн байна.

Өр

2021 оны төсвийн жилд төлөх Засгийн газрын гадаад, дотоод зээллэгийн үндсэн төлбөрийн хэмжээ 1,880,299.4 сая төгрөг, 

Засгийн газрын нэмэгдүүлэх өр болон өрийн баталгааны дээд хэмжээг 2,815,030.5 сая төгрөг байхаар батлав.

Тэтгэвэр, тэтгэмж

Ахмад настны сар бүр авч байдаг тэтгэвэр, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэжээгчээ алдсан иргэд гэх мэт олон төрлийн тэтгэмжийн эх үүсвэр болдог Нийгмийн даатгалын санд 2021 онд 2 их наяд 594,2 тэрбум төгрөг зарцуулахаар баталлаа. 

Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийг батлахдаа Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулиуд хамт батлагддаг бөгөөд дээрх хуулийн төслүүдийн хамт 
  • Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, 
  • Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
  • Малын тоо толгойн албан татварын тухай, 
  • Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, 
  • Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай, 
  • Малын генетик нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, 
  • Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудад өөрчлөлт оруулан баталлаа. 

Онцгойлон 2021 онд өмнө нь хэрэгжиж байсан ч зогсоогоод байсан малын хөлийн татвар гэж нэрлэдэг Малын тоо толгойн албан татварын тухай хуулийг баталсан. Ингэснээр малчид малын тоо толгойгоороо улсад татвар төлдөг болж байна.

Малын тоо толгойн албан татварын орлогыг бэлчээрийн менежментийг сайжруулах, бэлчээрийн болон газар тариалангийн усан хангамжийг нэмэгдүүлэх, малын эрүүл мэндийг хамгаалах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын чанарыг сайжруулах, гэмтхалдлага, гамшгаас хамгаалах, хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх, малын тэжээлийн ургамал тариалах, тэжээлийн нөөц бүрдүүлэх, байгаль орчныг хамгаалах, хортон мэрэгчидтэй тэмцэх, малчдад зориулсан сургалт, сурталчилгааны зардалд зарцуулна. 

Жил бүрийн нэгдсэн төсвийн тухай хуулийг батлахад хамгийн завгүй ажилладаг хүн бол Сангийн сайд. Энэ жаягаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаануудад УИХ-ын гишүүн бүрийн асуултанд хариулж байлаа. Түүний хэлснээр 2021 оны төсөв бол, 

“Цар тахлын үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээний нөлөөллөөр үүссэн төсвийн алдагдлыг 2021 онд бууруулж, хэрэгжүүлж буй иргэдийн орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжийг дэмжих, татвар нэмэхгүйгээр бизнесийн орчныг үргэлжлүүлэн дэмжиж, Эрүүл мэнд, боловсролын салбарын шинэчлэлийг эхлүүлэх, нийгмийн даатгал, нийгмийн хамгааллын үйлчилгээг коронавируст (КОВИД-19) цар тахлын үед иргэдийн орлогыг хамгаалж, нийгмийн эмзэг бүлэг рүү чиглэсэн төсөв болсон.”   

Түүнчлэн 2021 оны төсвийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж эхлэхэд Засгийн газрын тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ,

“Бид цар тахлын үед хэрэгжүүлж буй иргэдийн орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжийг дэмжих ажлыг ирэх оны эхний хагас жилд үргэлжлүүлэхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, хүүхдийн 20 мянган төгрөгийг 100 мянган төгрөг болгон олгох, нийгмийн халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдэд олгох мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөгөөр нэмсэн шийдвэрийг ирэх жилийн эхний хагаст хэрэгжүүлнэ. Түүнчлэн сум, дүүргийн ИТХ-д малын тоо толгойн албан татварыг хуульд заасан хязгаарт багтаан бие даан тогтоох эрх олгохоор төлөвлөсөн.”

2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн УИХ-ын чуулганаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалгахад чуулганы цахим хуралдаанд оролцсон 68 гишүүний 59 нь буюу 86.8 хувь дэмжин, хууль батлагдсан юм. Энэ хуулийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. 

Ц.Соёлмаа

ШИНЭ МЭДЭЭ