2020.11.30
Улстөр
Дорнод аймгийн иргэдэд тулгамдсан олон асуудлыг шийдэж байна
УИХ-д Дорнод аймгаас гурав дахь удаагаа сонгогдсон төрийн түшээ бол Х.Болорчулуун. Тэрээр ХААИС-ийг агрономичоор төгсөж, эзэмшсэн мэргэжилдээ түшиглэн төрөлх нутагтаа ажил, амьдралын гараагаа эхлүүлсэн амжилттай яваа улстөрч. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун энэ парламентад Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар ажиллаж буй. Тэрээр тус байнгын хорооны хуралдааныг даргалахын хамт Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг чангатгах, малын тоо толгойн албан татварыг орон нутагт нь төвлөрүүлдэг байх зэрэг чиглэлд анхаарал хандуулж байна.
2020 оны 11 дүгээр сарын 13-нд батлагдсан Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Х.Болорчулуун багтан, санал дүгнэлт боловсруулж ажилласны дотор тойрогтоо 21,4 тэрбум төгрөгийн улсын төсвийн хөрөнгө оруулалт татаж чадсан. Тодруулбал, хүүхдийн нэгдсэн эмнэлэг, усан бассейн бүхий спорт цогцолборыг тус тус байгуулах, Чойбалсан хотын босоо тэнхлэгийн авто замуудыг шинэчлэхэд шаардлагатай төсвийг батлуулсан юм. Энэ нь хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, орон нутгийг хөгжүүлэхэд чухал түлхэц боллоо гэдгийг нутгийн зарим иргэн илэрхийлж байна.