МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

Патентын тухай хуулийг Оюуны өмчийн тухай хуулийн үзэл баримтлалд нийцүүлнэ
2020.12.02
Эдийн засаг, Худалдаа

Патентын тухай хуулийг Оюуны өмчийн тухай хуулийн үзэл баримтлалд нийцүүлнэ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг (2020.12.01) Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өргөн мэдүүлэв.

Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Хууль хоорондын зөрчил, хийдэл үүсгэхгүй байх үүднээс 2006 онд батлагдсан Патентын тухай хуулийг Оюуны өмчийн тухай хуулийн үзэл баримтлал, зохицуулалтад нийцүүлэх, “Монгол Улсын хууль тоггоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн 141-д “Патентын тухай хуульд Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас өгсөн саналыг үндэслэн патентын эрхийн хамгаалалтыг дэлхий дахины чиг хандлага, Дэлхийн оюуны өмчийн байгууллагын гэрээ, хэлэлцээрт нийцүүлэн боловсронгуй болгох” гэж тусгасны дагуу Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.

Төсөл нь нийт 9 бүлэгтэй бөгөөд шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар болон ашигтай загварыг бүртгэхээс гадна тухайн бүтээлийн онцгой эрхтэй холбоотой асуудлыг зохицуулах, лицензийн гэрээний зохицуулалтыг нарийвчлах, шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг ялгаж, бүтээгдэхүүний загварыг тусад нь бүлгээр зохицуулахаар заасан байна.

Мөн “Мэдүүлгийн бүрдлийг хянах” болон “мэдүүлгийн бүрдлийн шүүлт хийх” ажиллэгааны ялгааг тодруулж, “хайлт” хийх ажиллагаатай холбоотой зохицуулалтыг төсөлд нарийвчлан тусгажээ.

Патент олгох болон патент олгохоос татгалзах шийдвэрийг дахин хэлэлцэх, шинийг санаачлагч, мэдүүлэг гаргагчид хугацааны хөнгөлөлт үзүүлэх нөхцөлийг бий болгох нь зүйтэй хэмээн төсөл санаачлагч үзсэн байна.

Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын мэдүүлгийг цахим хэлбэрээр гаргах зохицуулалтыг шинэчилж, мөн чанарын шүүлт хийлгэх хүсэлт гаргах, шинэ бүтээл, ашиггай загвар, бүтээгдэхүүний загварын бүтээлийг нийтэд мэдээлэхтэй холбоотой зохицуулалтыг тусгасан байна.

Түүнчлэн патентын эрх зүйн зохицуулалтыг Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний холбогдох зохицуулалттай нийцүүлэх нь зүйтэй хэмээн үзэж холбогдох зохицуулалтуудыг төсөлд тусгажээ.

ШИНЭ МЭДЭЭ