МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ч.Ундрам: Хөдөлмөр эрхэлдэг дундаж цалинтай өрхөөс өндөр халамж авдаг айлууд бий
2020.12.03
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Ч.Ундрам: Хөдөлмөр эрхэлдэг дундаж цалинтай өрхөөс өндөр халамж авдаг айлууд бий

Эх сурвалж: Зууны мэдээ сонин  Сэтгүүлч: С.Уянга

УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбоотой төрийн болон хувийн хэвшлийн үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжлээ. УИХ-ын гишүү­дийн хувьд энэ нөхцөлд хэрхэн ажиллаж байна вэ?

 -УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Төрийн ордонд, бусад гишүүд цахим хэлбэрээр хуралдаж байна. Их Хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн тавдугаар хэсэгт зааснаар “Онц байдал, дайн бүхий болон дайны байдал, Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлд асуудлыг хялбаршуулсан болон цахим хуралдаанаар хэлэлцүүлж болно” гэсний дагуу чуулган зохион байгуулагдаж байна. Миний хувьд шаардлагатай тохиолдолд зөвшөөрөгдсөн бол биечлэн уулзаж, бусад үед цахимаар ажил хэргээ явуулж байгаа. Цахимаар гэрээсээ ажиллах нь бүтээмжийг нэмэгдүүлж, замын түгжрэл, гэрээс гарах бэлтгэл гэх мэт үр ашиггүй цагийг багасгаж байна.

Гэвч цахимаар ажил хэрэг явуулахад зайнаас харилцаж байгаагийн сул тал ч бий. Улс орон онц, эрсдэлтэй байдалд байхад УОК-ын шийдвэрийг хүндэтгэж иргэний үүргээ биелүүлэх ёстой учраас нөхцөл байдлаа тохируулан ажиллахыг хичээж байна.

 -Та УИХ-ын төсвийн ажлын хэсэгт орж ажилласан. Цахимаар баталсан 2021 оны төсөв онцгой үеийн төсөв болж чадсан уу?

 -Улсын төсвийн орлого, зарлагыг олон талаас нь ярьж бодлого, чиглэлээ харж байж боловсруулж баталсан. Ирэх оны төсвийг боловсруулахдаа COVID-19-ийг тооцоолж ирэх жилийн дэлхийн болон Монгол Улсын эдийн засаг, уул уурхайн түүхий эдийн үнийн төлөв байдал зэргийг тооцоолсон. Ирэх жил дэлхийн эдийн засаг тодорхой хэмжээнд өсөлттэй байна гэдгийг судалгааны байгууллагууд онцолж  байгаа. Үндсэн Хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд батлагдаж байгаа анхны төсөв учраас УИХ-аас нийт зарлага нэмэгдүүлэх боломжгүй. Харин ч ажлын хэсгийн саналын дагуу зарлагаа хассанаараа өмнөх төсвүүдтэй харьцуулахад харьцангуй сахилга баттай төсөв болж чадсан гэж бодож байна.

Түүнчлэн 2021 оны төсөвт хэд хэдэн давуу тал байгааг хэлэх нь зүйтэй. Нэгдүгээрт, эрүүл мэндийн салбарын реформ хийж эмнэлгийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, эмийн чанар, хөнгөлөлттэй эм олгох системийг цахим технологи ашиглан сайжруулна. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог зөв болгоно. Цар тахлын энэ хүнд үед эрүүл мэндийн салбарын реформ хамгийн чухал. Хоёрдугаарт, боловсролын салбарын реформыг эхлүүлнэ. Үүний тулд манай улсад олон жил орхигдоод байсан Үнэлгээний системийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн институтээс оруулж ирнэ. Үнэлгээний үр дүнд суурилан бид ямар төвшинд, аль чиглэлээр явж байгааг бодитоор харж түүнд үндэслэн сайжруулах асуудлуудаа олж харах боломжтой.

Тухайлбал, сайжруулах шаардлагатай сургууль, багш гээд бүгдийг бодитой харж болно. Боловсролын салбарт хийгдэх бас нэг чухал ажил нь байршлын судалгаа хийж орон нутгийн хүн ам зүйн төлөв байдалтай уялдуулан хөрөнгө оруулалтуудыг хийх юм. Эдгээр чухал ажил болон Боловсролын тухай багц хуулийн шинэчлэл хийгдвэл бид тус салбарынхаа реформын суурийг тавьж чадна. Гуравдугаарт, бид халамжийн орноос хөдөлмөрийн орон болохыг зорьж байна. Өнөөдрийн байдлаар нийгмийн  халамжийн чиглэлээр зургаан хууль хэрэгжиж, үүний хүрээнд нийт 1,5 сая иргэнд төрөөс зайлшгүй шаардлагатай нийгмийн халамжийн арга хэмжээ авдаг. Зарим айлын сарын халамжийн орлого хөдөлмөр эрхэлдэг дундаж цалинтай айлаас өндөр байна.

Ийм үед хөдөлмөр эрхлэх сонирхолтой хүн багасч, нийгэм залхуу, бэлэнчлэх сэтгэлгээтэй болно. Тиймээс энэ бодлого руу чиглэнэ. Халамжийг хэрэгтэй хүнд нь л хүргэх юм. Дөрөвдүгээрт цахим шинэчлэлийг зоригтой хийж төрийн үйлчилгээг цахимжуулан хүнд суртлыг арилгана. Эдгээр чухал зорилтуудаас гадна цар тахалтай холбоотой хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн өгөх, аж ахуйн нэгжийн зарим татварын хөнгөлөлтүүдийг үргэлжлүүлэн олгох гээд арга хэмжээнүүд орсон байгаа.

-Боловсролын салбараас сонгогдсон гишүүний хувьд салбартаа реформ хийх ажилд та манлайлан оролцож байгаа. Гарсан үр дүн болоод цаашид ямар үе шаттай энэ ажил хийгдэх талаар мэдээлэл өгнө үү?

 -Хүүхэд бүрт тэгш, чанартай, хүртээмжтэй боловсрол олгох нь төрийн үүрэг. Боловсролын салбараас сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд боловсролын салбарын тогтолцоог сайжруулах буюу үүнд боловсролын шаталсан хөтөлбөр, багшийн хөгжил, үнэлэмж, салбарын хөрөнгө оруулалт, чанарын үнэлгээний тогтолцоо, хөдөлмөрийн зах зээлтэй уялдуулах, шинжлэх ухааны хөгжил, инновацийн эко системийг бүрдүүлэх гээд олон асуудал дээр системээр нь  харж идэвхтэй ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд нэр бүхий гишүүдтэй хамтраад гурван удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулахдаа боловсролын салбарын оролцогч талууд нэг дор цуглаж өмнөх алдаа оноо, цаашид хийж хэрэгжүүлэх шаардлагатай ажил, бодлогоо ярилцсан. Боловсролын тухай багц хуулийн төслийг БШУЯ дээр байгуулагдсан ажлын хэсэг боловсруулж олон нийтээс санал асуулга цахимаар авч байгаа. Энэ хуулийг УИХ-д удахгүй өргөн барина. Тэр үед  БСШУС-ын Байнгын хороогоор нухацтай хэлэлцэх болно.

-Хөл хориотой холбоотойгоор эдийн засаг хумигдаж, ажилгүй иргэдийн тоо нэмэгдэнэ гэсэн судалгааг гаргаад эхэллээ. Гаднын улс орнууд ажлын байр, орлогыг хадгалах тал дээр сайн ажилласан туршлага байна. Бид яах ёстой вэ?

 -УИХ-ын тогтоолоор коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, эдийн засаг, нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол УИХ-ын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий түр хороог  Улсын Их Хурлын Байнгын хороодын дарга нар, парламент дахь цөөнхийн төлөөллийн гишүүдийн бүрэлдэхүүнтэй байгуулсан.

Энэ түр хороо  тогтмол хурлаа хийж байна. Одоогоор хэрэгжүүлж байгаа болон 2021 оны төсвийн тухай хуулийн хүрээнд бизнес эрхлэгчдийг хэд хэдэн байдлаар дэмжиж байна. Аж ахуйн нэгжийн нийгмийн даатгалын шимтгэлийг ирэх оны долдугаар сарын 1 хүртэл 3-5 нэгжээр бууруулж тооцохоор болсон. Аж ахуйн нэгжийн хугацаандаа төлөөгүй НДШ болон бусад албан татварт алданги, торгуулийг ирэхийг мөн дээрх хугацаанд тооцохгүй.

Мөн энэ хугацаанд түрээсийн төлбөрөө бууруулсан зарим чиглэлийн талбай түрээслүүлэгчдэд Орлогын албан татварын хөнгөлөлт үзүүлж байна.  Банк болон ББСБ-аас олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийн дагуу нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр гэрээг нь өөрчилж зохицуулах зэрэг арга хэмжээ авч байна. Түүнчлэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, ЖДҮ сан, Зээлийн батлан даалтын санг энэ чиглэлээр ажиллуулна. Цаашид авч хэрэгжүүлэх санал, санаачилгыг УИХ, Засгийн газар дор бүрнээ эрэлхийлж, судалж байна.

-Таны сонгогдсон тойрог Сэлэнгэ аймагт нөхцөл байдал хүнд хэвээр байна. Тойрогтоо ямар байдлаар ажиллаж, нөхцөл байдалд хэрхэн дэмжлэг үзүүлж байна вэ?

 -Сэлэнгэ аймгийн хувьд Алтанбулаг боомтоор ард иргэдээ эх оронд нь оруулах, улс орны шаардлагатай хүнсний болон ахуйн хэрэгцээний бараа бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх ажлыг цар тахалтай хүнд хэцүү үед арван сар гүйцэтгэсэн. Энэ хугацаанд нөөц бололцоогоо шавхаж их сайн ажилласан. Энэ нөхцөл байдлыг  ард иргэд бодож зүтгэлийд нь сайшаалтай хандах хэрэгтэй. Одоо болтол УОК-оос авлагатай, санхүүгийн хувьд маш хүнд нөхцөл байдалд байна. Сэлэнгэ аймагт өнөөдрийн байдлаар 179 тохиолдол илэрсэн, хөл хорионы дэглэм үргэлжилж байна. Түргэвчилсэн оношлуураар иргэдээ шинжилгээнд хамруулж байна. Аймгийн нэгдсэн эмнэлэг 45 ор бүхий тасаг ажиллуулах бэлтгэл ажил хангасан. Аймгийн онцгой комисстой байнга харилцаа холбоотой ажиллаж байгаа. Шаардлагатай шийдвэр шийдлүүдийг УОК-той ярилцах, зөвлөлдөх, асуудал дэвшүүлэх зэрэгт идэвхтэй оролцож байна.

 -Цар тахлын ганц найдвар нь вакцин боллоо. Мөн ирэх оны улс орны ерөнхий төлөвийг хэрхэн харж байна вэ?

 -2020 он бол дэлхий дахиныг хамарсан цар тахалтай хүнд жил байлаа. Манай улсын хувьд бусад олон оронтой харьцуулахад харьцангуй боломжийн давлаа. 2021 оны бидний хамгийн том зорилго бол цар тахлаас ангижрах юм. Одоогоор дэлхийн хэд хэдэн байгууллага коронавирусын эсрэг вакцин бүтээсэн боловч олон улсад зөвшөөрсөн нэг ч вакцин хараахан алга. Энэ сарын 10, 17-ны өдрүүдэд АНУ-ын Хүнс, Эмийн Хяналтын албаны Вакцин болон бусад биологийн бүтээгдэхүүний асуудал эрхэлсэн зөвлөх хороо хоёр компаниас ирүүлсэн вакциныг авч хэлэлцээд хүлээн зөвшөөрч бүртгэх эсэхээ шийдвэрлэнэ. Эдгээр вакциныг уг байгууллага бүртгээд улмаар ДЭМБ хүлээн зөвшөөрвөл Засгын газраас байгуулсан ажлын хэсэг хэлэлцэн худалдаж авна гэж бодож байна. Одоогоор улс орнууд цар тахлаас ангижрах гарц бол вакцин хэмээн харж байна. Тэр ч утгаараа вакцин улс орнуудын улс төрийн асуудал ч болж харагдаж байна.

Үүнээс гадна бид цар тахлын үеийн болон дараагийн эдийг засаг, нийгэмд гарсан хүндрэл, хохирлоос гарах том арга хэмжээ авах ёстой. Эдийн засгаа сэргээж, баялаг бүтээгчдээ хөл дээр нь буцаан босгох, ажлын байрыг нэмэгдүүлэх гээд маш олон чиглэл бүхий арга хэмжээ авах ёстой. Олон улсын судалгааны байгууллагуудын тооцооллоор дэлхийн эдийн засаг 2021 онд өсөх бөгөөд энэ дотроо БНХАУ-ын эдийн засгийн өсөлт бусад улсаас өндөр гарч байна. Тиймээс бид зөв бодлого хэрэгжүүлбэл хүндрэлээс богино хугацаанд гарах боломжтой.

ШИНЭ МЭДЭЭ