2020.12.03
Эдийн засаг, Худалдаа
Х.Болорчулуун: Түүхий эдийн ханш өндөр байхад ингэж өр тавиад байх шаардлагагүй
УИХ-н чуулганы өнөөдрийн \2020.12.03\ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2020.11.23-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Зээлийн хэлэлцээртэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:
"233 сая ам.доллартай тэнцэх иенийн зээл авч байна. Нөхцөл нь сайн ч эргээд л бид доллараар төлөх юм. Бид ирээдүйгээсээ л зээлж байна. Манай улсын өр зээлийн хэмжээ их өндөр боллоо. Аливаа улсын Засгийн газар Сангийн яамаа өр зээлийг нэмэгдүүлэх биш багасгасан байдлаар нь ажлыг нь хэмжих ёстой. Монгол Улс 31 тэрбум ам.долларын өр буюу 7-8 жилийн төсөвтэйгээ тэнцэх хэмжээний өртэй байна.
Эдийн засгийн талаар хараат болбол улс төрийн хараат болно гэж үг бий. Өрийн тааз маань хэдэн хувьд хүрчих вэ? Өрийн таазыг тавьдаг нь улсын аюулгүй байдалтай холбоотой. Алт, жоншны үнэ өндөр байхад ингэж өр тавиад байж болох уу?
Айлаас эрэхээр авдараа ух гэж Оюутолгойгоос бид орж ирж байгаа татвараасаа илүү 34% худалдаж авсан өр нь нэмэгдээд байна. Борлуулалтын орлого нь Монголбанкаар дамжиж ордоггүй байх гэрээтэй. Засгийн газар энэ гэрээ, ялангуяа Дубайн гэрээг өөрчлөх ажлын хэсэг гараад 1 жил боллоо. Одоо энэ ажлаа хиймээр байна."
Түүний асуултанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа.