2020.12.03
Эдийн засаг, Худалдаа

С.Ганбаатар: Зээлийн хүүд жилдээ хэдэн төгрөг төлж байна вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.03\ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн Зээлийн хэлэлцээрийг  соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуулийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар асуулт асуулаа:

Оюу-Толгой жил бүр 2 тэрбум гаруй төгрөгийн орлого олоод байхад тэндээс Монгол шиг ийм их баялаг, алт, зэс, жонш гаргачихаад гаднаас зээл тусламж гуйгаад байдаг ийм тэнэг орныг би анх удаа харлаа гэж Германы эдийн засагч ирээд хэлсэн. 

Би Ерөнхий сайд Ү.Хүрэлсүхэд хандаж үг хэлье. Монгол Улсад ганцхан Ерөнхий сайд энэ гэрээнд өөрчлөлт оруулах эрхтэй. Давагдашгүй хүчин зүйл болчихоод Японоос гуйлга гуйгаад явж байгаа. Тэгвэл Оюу-Толгойн, Дубайн гэрээнд өөрчлөлт оруулъя гэдгээ одоо ярих цаг болсон. 

Зээлийн хүүд жилдээ хэдэн төгрөг төлж байна вэ?. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүн, төсвийн хэдэн хувьтай тэнцэх вэ?

Түүний асуултанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа.

Санхүүгийн хөрөнгө босгохдоо хүү ямар байх, яаж эргэн төлөгдөх вэ гэдэг олон талаас нь харж шийддэг. Зөвхөн үүгээр явдаг гэж тулгадаг зүйл байхгүй. Ийм зүйл дээр дэлхий дээр ч байхгүй. Дэлхийн хамгийн тэргүүлэх орнууд ч хүртэл зээл авч үйл ажиллагаа явуулж байгаа гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Бид үүсээд байгаа асуудалд хамгийн зөв менежментийг хийгээд явдаг. Анх намайг Сангийн сайд болоход жилдээ 1.4 их наядыг зөвхөн зээлийн хүүд төлж байсан.

ШИНЭ МЭДЭЭ