МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Сонгуулийн хуулийн шилжилт хөдөлгөөнтэй холбоотой заалтыг засна
2020.12.03
Улстөр

Сонгуулийн хуулийн шилжилт хөдөлгөөнтэй холбоотой заалтыг засна

УИХ-н чуулганы өнөөдрийн \2020.12.03\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 09 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан/ хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

ТББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Ганболд танилцууллаа. 

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 09 дүгээр дүгнэлтээр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ... зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “ ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын “Төрийн байгууллагад ... сонгогдох эрхтэй. ...’ гэснийг тус тус зөрчсөн байна гэж үзсэнийг Улсын Их Хурал 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаараа хүлээн зөвшөөрсөн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 82.2.7 дахь заалтад заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжтой нийцүүлж Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсан байна.

    Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс шижилт хөдөлгөөнийг зогсоохоор хуульчилсан нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасны дагуу орон нутгийн Хуралд нэр дэвших хүсэлтэй иргэн дээрх хугацаанд тухайн орон нутагт байнга оршин суугчаар бүртгуүлэх боломжгуй байхаар хуульчилсан хууль хоорондын зөрчлийг арилгаж хуулийн төслүүдэд дараах нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулахаар тусгажээ.

    Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс шилжилт хөдөлгөөнийг зогсоох хугацааг 02 дугаар сарын 15-ны өдрөөс болгон өөрчлөх нь зүйтэй хэмээн үзсэн байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт 18 нас хүрсэн, ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт шилжин суурьшиж, байнга оршин суугчаар бүртгүүлсэн, сонгуулийн эрх бүхий, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны Хурлын Төлөөлөгчеөр сонгогдох эрхтэй байхаар өөрчлөхөөр төсөлд тусгажээ.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлд ээлжит бус, нөхөн, дахин сонгуульд 18 нас хүрсэн, тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө шилжин суурьшиж, байнга оршин суугмаар бүртгуүлсэн, сонгуулийн эрх бүхий, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны Хурлын Төлөөлөгчөөр сонгогдох эрхтэй байх заалт нэмэхээр тусгажээ.

Байнгын хороо хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаараа явуулсан. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн бөгөөд анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Ж.Батсуурь нар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1, 2 дугаар зүйлд заасан байнга оршин суугчаар бүртгүүлсэн байх гэсэн нэр дэвшигчид тавигдах шаардлагыг нарийвчлах, холбогдох хуульд байнга оршин суугч гэж хэнийг ойлгох талаар тодорхой зохицуулалтыг тусгах нь зүйтэй талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар хүн амын орлогын албан татвар төлснийг үндэслэж тухайн засаг захиргааны нэгжид байнга амьдардаг гэдгийг тодорхойлох нь оновчтой талаар тус тус саналаа илэрхийлсэн байна.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үед төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасны дагуу хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар асуулт асууж, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаас хариулт авсны дараа Байнгын хорооноос гаргасан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг дэмжих томъёоллоор санал хураалт явуулсан. Нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 61.7 хувь нь дэмжсэн юм. Иймд төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

 

ШИНЭ МЭДЭЭ