МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа
2020.12.04
Эдийн засаг, Худалдаа

2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.11.25/ хуралдаанаар "Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

ТБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан танилцуулав.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж байна.

"Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолд: 

1. Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай:

  1. бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэх хяналтыг сайжруулж, төсвийн орлого нэмэгдүүлэх, зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх, төсвийн хөрөнгө оруулалтын үр өгөөжийг сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлж, бүх салбарт төсвийн шинэчлэлийг эрчимжүүлэх;
  2. Төсвийн ерөнхийлөн захирагчдын жилийн төсвийн гүйцэтгэл, үр дүнд хийсэн аудитын дүгнэлт, зөвлөмжийн хэрэгжилтийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн, төсвийн сахилга бат, хариуцлагыг сайжруулах чиглэлээр тодорхой шийдвэр гарган, хэрэгжилтийг хангаж ажиллах;
  3. нийгмийн халамжийн хамрах хүрээг оновчтой болгож, төрийн зүгээс тусламж, дэмжлэг зайлшгүй шаардлагатай зорилтот бүлэгт чиглүүлэх, олон төрлийн хөтөлбөр, арга хэмжээг нэгтгэх, зарим үйлчилгээг бусад салбарт шилжүүлэх замаар давхардлыг арилган халамжийн үр дүнтэй тогтолцоог нэвтрүүлэх чиглэлээр Нийгмийн халамжийн багц хуулийн төслийг Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлэх;
  4. Монгол Улсын 2021 оны төсвийн төслөөс хасагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнүүдийн нийгмийн ач холбогдол, эдийн засгийн үр ашгийг тооцон эрэмбэлж, төсвийн тухай хууль тогтоомжийн шаардлагад нийцүүлэн дараа оны төсвийн төсөлд тусгах асуудлыг шийдвэрлэх;
  5. төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрыг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжтай болгох ажлын санхүүжилтийг Эрдэнэт ТӨҮГ-ын нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлүүлэх ажлыг 2020-2022 онд багтаан хэрэгжүүлэх;
  6. аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээг хагас бие даасан удирдлагын тогтолцоонд шилжүүлж байгаатай холбогдуулан төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагын боловсон хүчнийг чадавхжуулах, тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад шаардагдах багаж, тоног төхөөрөмжийг худалдан авахад шаардагдах зардлыг 2021 онд Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгөөс санхүүжүүлэх.

2. Дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга /Б.Жавхлан/-д даалгасугай:

  1. төсвийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг төсвийн ерөнхийлөн захирагч, төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн 2019, 2020 оны үйл ажиллагааг хамруулан шалгаж, дүгнэлт гаргах, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын 5.1.3, 8.3.15 дахь заалтын хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж ажиллуулах.

3.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо /Б.Жавхлан/-д даалгасугай. гэсэн байна. 

ШИНЭ МЭДЭЭ