МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

Өвс, тэжээл, бүх төрлийн хүнсний будаа зэргийг Гаалийн албан татвараас чөлөөллөө
2020.12.07
Эдийн засаг, Худалдаа

Өвс, тэжээл, бүх төрлийн хүнсний будаа зэргийг Гаалийн албан татвараас чөлөөллөө

Өмнө нь Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулиудийг тус тус баталж, эдгээр хуулийн хүрээнд бүх төрлийн хүнсний будаа /цагаан будаа, шар будаа, гурвалжин будаа болон бусад/, элсэн чихэр, ургамлын тосны импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд чөлөөлсөн.

Энэхүү бодлого зохицуулалтын үр дүнд дотоодын зах зээлд импортын хэт хамааралтай цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосны хангамж, үнэ харьцангуй тогтвортой байх нөхцөл бүрдсэн. Хуулийн үйлчлэлийн хугацаанд буюу 2020 оны эхний хагас жилийн гаалийн гүйцэтгэлээр 27.2 мянган тонн бүх төрлийн хүнсний будаа, 27.48 мянган тонн элсэн чихэр, 11.6 мянган тонн ургамлын тос, 88.6 мянган тонн хүнсний улаан буудайг тус тус импортолж, нийт 7.75 тэрбум төгрөгийн гаалийн албан татварын чөлөөлөлт эдэлжээ. 

Онцгой нөхцөл байдал:

Коронавируст халдвар /Ковид-19/-ын тохиолдол 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 887 тохиолдол бүртгэгдээд байна. Дэлхий дахинд халдварт цар тахлын 2 дахь давалгаа эхэлж, тархалт нэмэгдсээр байгаа тул улс орнууд хөл хорио тогтоох, хилээ хаах, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих зэрэг арга хэмжээг шат дараалан авсаар байна. 

Халдварт цар тахлын тархалт урьдчилан тодорхойлох боломжгүй нөхцөлд байгаа нь хүнсний хангамжийн тогтвортой байдлаа хангахын чухлыг улс орнуудад анхааруулсан дохио болж байна. Түүнчлэн цар тахлын болон байгаль цаг уурын таагүй нөлөөнөөс шалтгаалж зарим улс орнуудад ажиллах хүч дутагдах, ургац алдах, ачаа тээврийн хөдөлгөөн саатах зэрэг явдал гарч байна. Иймд хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах, импортын хамааралтай хүнсний нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх шаардлага тулгарч байна. 

Монгол Улсын Засгийн газраас дээрх нөхцөл байдлыг тооцоолж, төрөл бүрийн будаа цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, ургамлын тосыг болон өвс, бүх төрлийн малын тэжээл, тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр батлууллаа. 

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс 2020-2021 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргажээ. Энэ үнэлгээнээс үзэхэд манай улсын хэмжээнд зуншлагын байдал 2020 оны 8 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн

  • 50 гаруй хувьд хэвийн сайн,
  • 30 орчим хувьд дунд зэрэг,
  • 20 хувьд муу гэсэн дүн гарсан байна. 

Баруун, төвийн, говийн зарим аймгуудын өвөлжилт, хаваржилтад шаардагдах өвс, тэжээлийн нөөцийг бүрдүүлэхэд хүндрэлтэй байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд малчдын түвшинд

  • өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэлт 56.5 хувьтай,
  • аймаг, сумын аюулгүй нөөцийн өвс, тэжээлийн бүрдүүлэлт 14.0 хувьтай байгаа нь хангалтгүй байна.

Цаашид шаардлагатай өвс, тэжээлийн 90 орчим хувийг дотоодын тэжээлийн үйлдвэрүүд, хадлан бэлтгэл, газар тариалангийн үйлдвэрлэл зэргээс бүрдүүлэх боломжтой байгаа тул үлдэх 10 орчим хувь буюу нийт 50.0 мянган тонн үйлдвэрийн Тэжээл эсхүл 100.0 гаруй мянган тонн өвс дутагдах төлөвтэй байна. 

Тиймээс коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын урьдчилан төсөөлөх боломжгүй нөхцөл байдалтай уялдуулан хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор

  • цагаан будаа,
  • гурвалжин будаа,
  • шар будаа,
  • ургамлын тос 

Мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй давахад шаардагдах

  • өвс,
  • бүх төрлийн малын тэжээл,
  • тэжээлийн үр,
  • хүнсний улаанбуудай,
  • улаанбуудайн үр,
  • тослог ургамал,
  • ургамлын түүхий тосыг
2021 оны 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд гаалийн албан татвараас чөлөөлж байна. 

Ингэснээр цар  тахлын үед хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, импортын хамааралтай хүнсний нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх, мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтыг өнтэй даван туулахад дэмжлэг болох юм. 

ШИНЭ МЭДЭЭ