2020.12.08
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Ц.Цэрэнпунцаг: Эрдэнэсийн сангаар үзэсгэлэн гаргах замаар улсад орлого төвлөрүүлэх боломж бий юу?
Эдийн Засгийн байнгын хорооны өнөөдрийн /2020.12.08/ хуралдаанаар Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Л.Мөнхбаатар нарын 3 гишүүн 2020.01.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;-ийг хэлэлцэж байна.
Хуулийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:
Миний асуух гэж байсан зүйлийг Х.Булгантуяа гишүүн асуучихлаа. Гарал үүслийг тогтооход насжилт чухал юм байна лээ. Миний хувийн амьдралд нэг зүйл тохиолдож байсан юм. Ядам гэдэг Эрдэнэсийн судрыг Монголбанк авах гээд дарааллаа хүлээж байсан. Тэр судрын насыг тогтоох чадвар Монголбанкинд муу байдаг юм шиг санагдсан.
Хамгийн гол нь хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж Эрдэнэсийн сангаа баяжуулна гэж ярьж байна. Иргэд бол өөрсдийнхөө эд баялагийг зарах гээд оочерлоод зогсож байгаа. Тэгэхээр үүнд цаашдаа анхаарч насжилт тогтоодог шинжлэх ухааны аргыг нь маш тодорхой болгох хэрэгтэй. Өөрсдийнхөө үнэ цэнийг тогтоолгох гэж байгаа иргэдэд ч энэ хэрэгтэй. Тиймээс үүнд хөрөнгө оруулалт хийх чадамжийг Монголбанк өөрсдөө анхаарах хэрэгтэй. Эсвэл гадаад дотоодын байгууллагатай шууд хамтын ажиллагаа тогтоодог юм уу ямар нэг байдлаар Монголбанк мэддэг байх хэрэгтэй. Үүнийг хуульдаа тусгаж өгөх боломжтой юу?
Ховор нандин зүйлийг хүмүүс үзэх гэж сонирхдог байх. Тэгэхээр төсвөөс хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт оруулах хэрэгтэй гэж байна. Тэгэхээр өөрсдөө гадаад, дотооддоо үзэсгэлэн зохион байгуулж орлого олох боломж байдаггүй юм уу?
Түүний асуултанд Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт хариуллаа.
Эрдэнэсийн санд бүртгэгдэж, хадгалагдах, эрдэнэсийн насжилтийг тогтоох гэдэг дээр Монголбанк сая хариуллаа. Монголд тогтоох боломж байхгүй байгаа гэсэн. Тийм болохоор цаашдаа насжилтийг тогтоох тал дээр анхаарч, хуулиндаа бас тусгаж өгөх нь зүйтэй юм.