2020.12.08
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
Дарамт, хүчирхийллийг устгах тухай конвенцид нэгдэн орох асуудлаар хэлэлцлээ
Дарамт, хүчирхийллийг устгах тухай ОУХБ-ын 190 дүгээр конвенцид нэгдэн орох асуудлаар хэлэлцлээ.
УИХ-ын эмэгтэй гишүүд, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын чуулган болон байнгын хорооны хурлаар хэлэлцүүлэх, санал боловсруулах ажлын хэсгийн гишүүдтэй Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн талуудын хөдөлмөрийн харилцааны дарамт, хүчирхийллийг хориглох талаарх хамтарсан уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр /2020.12.08/-нд онлайн хэлбэрээр хийлээ.
Уулзалт хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, ХНХЯ, НҮБ-ын Хүн амын сан, МҮЭХ, МАОЭНХ, МХАҮТ, ЖҮХ, ХЭҮК, ОУХБ –ын төлөөллүүд оролцож, УИХ-ын гишүүн, НББХ-ны дарга М.Оюунчимэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил нараас гадна түншлэгч байгууллагуудын удирдлагууд байр сууриа тус бүр илэрхийллээ.
Нээлтэд МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар үг хэлэхдээ,
Өнгөрсөн онд буюу ОУХБ байгуулагдсаны Зуун жилийн ойн үеэр Ирээдүйн хөдөлмөрийн тухай Зууны тунхаглал, болон Дарамт, хүчирхийллийг устгах тухай 190 дүгээр Конвенц, конвенцийг дагалдуулан 206 дугаар Зөвлөмжийг батлан гаргасан билээ. Энэхүү конвенци бол ажилчид, ҮЭ-үүдийн маш олон жилийн турш явуулсан нөлөөллийн арга хэмжээ, кампанит ажлын түүхэн үр дүн юм гэдгийг энд хэлэхийг хүсч байна.
МҮЭ-ийн холбооны зүгээс ОУХБ-аас хөдөлмөрийн хүрээнд дарамт, хүчирхийллийг хориглох, устгах талаар шинэ хэм хэмжээ батлан гаргах асуудлыг анхнаас нь дэмжин нийгмийн зөвшлийн талуудтайгаа идэвхтэй хамтран ажиллаж ирсэн. Мөн Гэр бүлийн хүчирхийлэл ажилчид, ажлын байранд хэрхэн нөлөөлж байгаа талаар 6000 гаруй ажилчдын дунд судалгаа хийж үр дүнг нь Конвенцид тусгуулах чиглэлээр ОУ-ын ҮЭ-үүдтэй хамтран ажиллаж байсан юм.
Конвенц батлагдан гарснаас хойш МҮЭХ-ний зүгээс жендэрт суурилсан хүчирхийлэл, дарамтыг арилгах, энэ чиглэлээр ҮЭ-ийн гишүүд, ажил олгогч эзэд болон төр захиргааны байгууллага, шийдвэр гаргах түвшинд ажиллагчдын ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд үйл ажиллагаагааг бүхий л талаар дайчлан ажиллаж ирсэн. Тухайлбал, тус холбооноос энэ оны 6-7 сард мэдээллийн компанит ажлыг нийт улсын хэмжээнд өрнүүлж, эрүүл мэндийн салбар дахь дарамт, хүчирхийллийн өнөөгийн байдлын суурь судалгааг салбарын ҮЭ-тэй хамтран зохион байгуулаад байна. Энэ дашрамд тус компанит ажлыг зохион байгуулахад техникийн туслалцаа үзүүлсэн ОУХБ, Европын холбоонд талархалаа илэрхийлье.
Хөдөлмөрийн хүрээний хүчирхийлэл, дарамтаас урьдчилан сэргийлэх, улмаар устгахад Засгийн газар, ажил олгогч эзэд, ҮЭ-үүд илүү идэвхтэй хамтран ажиллах, цаашлаад Монгол Улс ОУХБ-ын 190 дүгээр конвенцид нэгдэн орох шаардлагатай байгааг судалгааны дүн, мэдээ харуулж байна.
Тодруулбал, Эрүүл мэндийн салбарт хийсэн судалгааны дүнгээр салбарын арван ажилтан тутмын долоо нь сүүлийн нэг жилийн хугацаанд ажлын байрандаа харилцааны шинжтэй дарамтанд, арван ажилтан тутмын нэг нь бэлгийн дарамт, хүчирхийлэлд өртсөн, эдгээрээс 70 гаруй хувь нь давтан болон байнга өртсөн гэж хариулт өгсөн байна.
Хашгирах, зандрах, дээрэнгүй хандах, хэл амаар доромжлох зэргээр зүй бус харьцах, хов жив цуу ярианд автаж дарамтлах, ажлын байрны тодорхойлолтод тусгагдаагүй, шууд хамааралгүй ажлаас шахах, ээлжнээс буулгахгүй ажиллуулах, гадуурхах, хавчих зэрэг хэлбэрийн дарамт, хүчирхийллийн хэлбэр түгээмэл гардаг гэж хариулсан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд олон улсын хөдөлмөрийн шинэ хэм хэмжээнд нийцүүлэн ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл, ажлын байрны бэлгийн дарамтыг хориглох, хариуцлага ногдуулах асуудлыг дэлгэрэнгүй тусгаж байгааг талархан хүлээж авч байгаа. Энэ бол Үндэсний хууль тогтоомждоо Конвенцийн агуулга үндсэн зарчмыг тусган баталгаажуулж байгаа хэрэг гэж үзэж байна.
Эцэст нь хэлэхэд Ковидын цар тахал нь тэгш бус байдал, эдийн засгийн тогтворгүй Дарамт, хүчирхийллийг устгах тухай ОУХБ-ын 190 дүгээр конвенцд нэгдэн орох, үндэсний хууль тогтоомжоо сайжруулах чиглэлд ахиц гаргаж хамтран ажиллахыг нийгмийн түншлэгч талууддаа уриалж байна гэлээ.