Монгол Улс дараагийн Ерөнхийлөгчөө зургаан жилээр сонгоно
2020.12.08
Улстөр

Монгол Улс дараагийн Ерөнхийлөгчөө зургаан жилээр сонгоно

2021 оны 6 сард Монгол улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болно. Үүнтэй холбогдуулан УИХ-ын чуулганаар энэ 7 хоногт Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх юм. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой харилцааг зохицуулах энэ хуулийн төслийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ж.Ганбаатар нар 2019.12.02-ны өдөр өргөн мэдүүлсэн юм.  Харин ажлын хэсгийн УИХ-ын гишүүн Н.Энхболд гишүүн ахалж байгаа юм. Төсөл 11 бүлэг, 81 зүйлтэй.

Хуулийн төслийг өмнөх парламентын ТББХ болон УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж үзэл баримтлалыг нь дэмжсэн. Харин энэ 7 хоногт УИХ-аар  анхны хэлэлцүүлгийг хийнэ. 

Монгол улс 1993 онд анх удаа Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг баталж, мөн түүхэндээ анх удаа Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулсан. Үүнээс хойш тус хуульд 7 удаа нэмэлт, өөрчлөлт оруулж, 5 удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль явуулжээ.

Харин 2015 онд Сонгуулийн тухай нэгдсэн хууль батлагдаж, тус хуулиар УИХ, Орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуулиудыг зохицуулсан юм. Энэ хуулиар 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулсан. 

Гэсэн хэдий ч  дээрх бүх сонгуулиудын нэгдсэн нэг хуулиар зохицуулах нь хуулийн хэрэглээ болоод зохион байгуулалтын хүндрэлтэй гэж дүгнэн,  УИХ, Орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиудыг салгаж, тусгайлсан хууль гаргах шаардлага үүссэн. Үүний дагуу өнгөрсөн 2019 онд УИХ болон орон нутгийн сонгуулийн тусгайлан хуулиудыг гарган баталж,  өнгөрсөн 2020 оны сонгуулийг явуулсан. Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль батлагдаагүй үлдсэн байсан юм.

Үүнээс  гадна Монгол улсын Үндсэн хуульд 2019 онд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбогдуулан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг  тус хуульд нийцүүлэх боловсруулж, батлах шаардлага үүссэн. 

Тодруулбал, Үндсэн хуульд Монгол улсын Ерөнхийлөгчийн  бүрэн эрх 6 жил байхаар тусгасан. Ингэснээр цаашид 4 жил тутам бус харин 6 жил тутам Ерөнхийлөгчийн сонгууль явагдах юм. 

Мөн Монгол улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн насны босгыг Үндсэн хуулиар өндөрсгөсөн. Өмнө нь 45 настай иргэн нэр дэвших эрхтэй байсан бол одоо 50 нас хүрсэн иргэн нэр дэших эрхтэй болсон юм. 

ШИНЭ МЭДЭЭ