ХЗБХ: 2024 он хүртэл боловсронгуй болгоно
2020.12.09
Улстөр

ХЗБХ: 2024 он хүртэл боловсронгуй болгоно

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өчигдөрийн цахим хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. 

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга С.Бямбацогт хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт боловсруулах Ажлын хэсэг төслийн талаарх саналын томьёоллуудыг дахин нягтлах, ярилцах шаардлагатай байгаа тул 7 хоногоор хойшлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 61.5 хувь нь дэмжив.

Хуралдаан Засгийн газраас 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхээр үргэлжиллээ.  

Тогтоолын төслийн талаар Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулсан. Монгол Улсын хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлийг 1998, 2001, 2005, 2009, 2017 онуудад тус тус Монгол Улсын Их Хурлаас баталж байсан бөгөөд Хууль тогтоомжийн тухай хуулийн 7.1-д "Засгийн газар тухайн бүрэн эрхийнхээ хугацаанд санаачлах хууль тогтоомжийн талаар урьдчилан төлөвлөж, Хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл гэж, мөн зүйлийн 7.2-т “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох байгууллагын саналыг авч, нэгтгэн судалсны үндсэн дээр үндсэн чиглэлийн төслийг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нийцүүлэн боловсруулна” гэж заасны дагуу  “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хуулийн төсөл, Улсын Их Хурлын тогтоолын төсөл гэсэн хоёр үндсэн хэсэгтэйгээр боловсруулсан гэж байлаа. 

Мөн Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэл”-ийн төсөлд Засгийн газрын гишүүд, Улсын дээд шүүх, Улсын прокурорын ерөнхий газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хуульчдын холбоо, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим зэрэг холбогдох байгууллагаас санал авч нэгтгэснийг дурдахын зэрэгцээ өмнө нь Улсын Их Хурал 5 удаа хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл баталж, хэрэгжүүлж байсан гэв. 

Тухайлбал: Монгол Улсын хууль тогтоомжийг 2000 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд нийт 118 хууль боловсруулж батлахаар зааснаас 62 нь, 2004 он хүртэлх Үндсэн чиглэлд 138 хууль зааснаас 96 нь, 2008 он хүртэлх Үндсэн чиглэлд 125 хууль зааснаас 96 нь , 2012 он хүртэлх Үндсэн чиглэлд 174 хууль зааснаас 93 нь, 2020он хүртэлх Үндсэн чиглэлд 201 хууль зааснаас 96 нь  тус тус батлагдсан байна. 

“Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэл”-ийн төсөлд нийт 149 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 12 тогтоолын төсөл тусгагдсан. Үндсэн чиглэлийн төсөлд тусгагдсан 149 хуулийн төслөөс 2020 онд 35, 2021 онд 81, 2022 онд 21, 2023 онд 12, Монгол Улсын Их Хурлын 12 тогтоолын төслөөс 2020 онд 3, 2021 онд 3, 2022 онд 4, 2023 онд 2 тогтоолын төслийг боловсруулж өргөн мэдүүлэхээр заасан.

Үндсэн чиглэлийн төсөлд тусгагдсан 149 хуулийн төслийн 54 нь шинэчилсэн найруулга, 43 нь анхдагч хуулийн төсөл, 42 нь хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, 10 нь олон улсын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төсөл байгааг танилцуулгад дурджээ. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Ц.Мөнх-Оргил, С.Амарсайхан, Ц.Мөнхцэцэг, Н.Алтанхуяг нар асуулт асууж, үг хэллээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих, мансуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг 2018 оноос хойш боловсруулан бэлэн болсон байхад хугацааг нь 2021 оны 4 дүгээр улиралд тавьсан шалтгааныг лавлав. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, УИХ-ын 2021 оны хаврын чуулганаар бизнесийн эрх зүйн орчинг боловсронгуй болгоход чиглэсэн хуулийг төслүүдийг өргөн барьж, хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа. Түүнчлэн ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар согтууруулах ундааны хууль бус эргэлтэд хяналт тавих буюу хуучнаар Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг өргөн барина.

Энэ хуулийн төсөлд архины хамааралтай болсон хүнийг хэрхэн эрүүлжүүлж эдгээх, үндэсний тогтолцоог бий болгохоор тусгасан. Үүний дараа Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих, мансуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн гэж хариулж байлаа. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил хэлсэн үгэндээ “Тогтоолын төслийг дэмжиж байна. Олон зуун хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа бус зайлшгүй шаардлагатай хуульд өөрчлөлт оруулж, цаашлаад хууль эрх зүйн орчныг тогтвортой байлгахад салбарын яам анхаарах шаардлагатай” гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэг байгуулбал ажиллахаа мэдэгдээд “Хавсралтад дурдсан хууль тогтоомжийн жагсаалтыг нийгэмд үзүүлэх ач холбогдол, цаг хугацаа  зэргээр нь эрэмбэлэх шаардлагатай” гэсэн байр суурийг илэрхийллээ. 

Ингээд “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэдгийг хуралдаанд оролцсон гишүүдийн 70.6 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. 

ШИНЭ МЭДЭЭ