МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.10
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Ч.Ундрам: Олон улсын судалгааны үр дүн хэрхэн гарсан вэ?

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2020.12.09/ хуралдаан боллоо. Хуралдаанаар "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн биелэлтийн талаарх Засгийн газрын тайлан"-г сонссон юм. 

Тайлантай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Ч.Ундрам асуулт асуулаа:

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг зөвхөн Хууль зүйн яам, ХНХЯ дангаараа хэрэгжүүлэхгүй. Маш олон яам болон байгууллагын хэрэгжүүлэх ёстой хууль гэж харж байгаа. Гэр бүлийн хүчирхийллийн асуудал Ковид-19-өөс илүү олон хүний аминд хүрч байна.

Ялангуяа сүүлд ес, 16 настай хүүхдийн асуудал гарсан. Энэ бол зөвхөн бидний мэдэж байгаа асуудал. Гэтэл мэдэхгүй олон асуудал гарч байна. Үүн дээр бүх талаасаа хамтраад ажиллах нь зүйтэй гэж бодож байна. Хуулийн хэрэгжилт тал дээр нэлээн сул байна. Жишээлбэл, хуульд заасны дагуу хоёр ирсэн сайдын яамнаас гадна Соёлын яам, Боловсролын яам, Эрүүл мэндийн яамууд тодорхой чиг үүрэг хүлээсэн байгаа.

Жишээ нь, Боловсролын яам бол бүх шатны сургуулиудад хүүхдүүдийг соён гэгээрүүлж, мэдлэг ойлголт өгөх, хүмүүжүүлэх чиглэлийн ажлыг хийх ёстой. Гэтэл ирсэн тайланг нь харахаар зөвхөн дээд сургуульд МУИС-ийн социологийн хөтөлбөрт нэг хичээл ордог, СИУС дээр бас нэг хичээл ордог болсон байна. Өөр бусад арван жилд ямар ч хөтөлбөрийн зүйл та бүхний ирүүлсэн тайланд алга байна. Тэгэхээр хуулийн хэрэгжилтийг бусад яамны сайдууд ирж тайлангаа тавих ёстой байсан гэж бодож байна.

Асуулт бол статистикийг илүү тодорхой гаргадаггүй. Жишээ нь, хуулийн 6.1-т дөрвөн хэлбэрийн гэр бүлийн хүчирхийлэл байдаг. Тэгээд энэ бүртгэгдсэн хэрэг нь энэ дөрвийн аль нь юм бэ? Энэ хэлбэрээр нь ялгаад, дээрээс нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэд гомдол үзүүлсэн үү гэдгээр нь ялгасан статистик байдаг уу? Мөн маш олон судалгаа хийсэн гэж байна үүний үр дүнг бид нарт хэлсэнгүй. Үр дүн дээр нь анхаарал татахуйц зүйлүүд гарсан уу, үгүй юу? 

Цаашид юу хийх, төлөвлөгөөг үр дүн дээр суурилж гаргаж байгаа юу? Олон аян зохион байгуулсан байна. Үүний үр дүн хэр гарсан бэ? Нас барсан есөн настай хүүхдийн хэрэг шийдвэрлэх явц нь хаана, юун дээр явагдаж байна вэ? Хуулийн 20.3-д заасны дагуу ХЗД Сайд, ХНХ Сайд, ЭМ-ийн Сайд нарын хамтарсан багийн ажиллах, түүнийг санхүүжүүлэх журам баталсан байна. Энэ журамд юу гэж заасан байгаа вэ? Үүний хэрэгжилт хэр байгаа вэ? Тодорхой асуултуудад, тодорхой хариултууд авмаар байна. 

Түүний асуултанд ажлын хэсгийн төлөөлөл хариуллаа. 

2019 онд хийгдсэн судалгаанууд дээр үндэслэж үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж баталдаг. 2020 онд хийгдсэн судалгаануудын эцсийн танилцуулга хараахан болоогүй байгаа. Цагдаагийн байгууллагад ихэнхдээ бие махбодын болон бэлгийн хүчирхийллийн мэдээлэл ирдэг учраас нарийн статистик гардаг. Хараахан сэтгэл санааны болон эдийн засгийн хүчирхийлэлд өртсөн гэсэн мэдээлэл бүртгэгдээгүй байгаа. 

ШИНЭ МЭДЭЭ