2020.12.10
Улстөр
Ч.Ундрам: Суманд төрийн үйлчилгээний эрх мэдлийг шилжүүлж, хуулиар хангах ёстой
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.12.10/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсэг болон байнгын хорооны дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам:
Хуулийн хэлэлцэх асуудлыг дэмжиж байна. Төслийн 7.1-т сум бол засаг захиргааны үндсэн нэгж гэсэн ойлголт байна. Тэгэхээр энэ заалтаар бол төрийн үйлчилгээний гол цөмийг аймаг биш сум иргэдэд үзүүлж байх ёстой. Гэтэл НД-ын 30 үйлчилгээний ес нь сум нь шийддэг бусдыг нь заавал аймгийн төв рүү явуулж байж шийддэг гэсэн судалгаа байна. Жишээлбэл, нийгмийн халамжийн үйлчилгээний 32 үйлчилгээ бүгд аймгийн төв рүү явж байж шийдүүлдэг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тодорхой халамжаа авах гэж заавал аймгийн төв рүү явж байж үйлчилгээгээ авах ёстой болоод байна. Тэгэхээр суманд илүү төрийн үйлчилгээний эрх мэдлийг шилжүүлж өгөх ёстой. Энэ зүйлийг хуулиар хангаж өгөх ёстой юм.
Сургууль, цэцэрлэг эрүүл мэндийн үйлчилгээ хүргэхэд орон нутгийн оролцоотой болгомоор байна. Жишээлбэл, нэг сумын сургууль гэхэд хүүхэд нь сумынх, сургуулийн хөрөнгө нь аймгийнх, төсөв нь салбарын сайдынх нь багцад явж байдаг. Гэтэл сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын үйлчилгээг иргэдэд чанартай хүргэх асуудлыг сумын Засаг дарга хариуцах ёстой. Жишээ нь, Боловсролын сайдын багцад төсөв нь батлагдаад, аймгийн ИХ-аар ёсчилсон болоод суманд очиж байна. Т.Доржханд гишүүний яриад байдаг шинэчлэлийг яг үүгээр хийх ёстой. Сумын Засаг дарга энэ жил бид нар сургуулийнхаа дээврийг засах юм уу эсвэл Соёлын төвийн тоног төхөөрөмжийг авах юм уу гэдгээ тэндээ шийддэг эдийн засгийн шинэчлэлийг энэ хуулиар бий болгох боломжийг нээж өгөх ёстой юм.
Сэлэнгэ аймаг бол зургаан тосгонтой аймаг. Дараа нь Хэнтий, Хөсвсгөл гээд явдаг. Манай зарим тосгон бол сумаас илүү хүн амтай. Сумын төвөөс 80-130 км-ын цаана оршдог. Сумын үйлчилгээ авахын тулд 100 хэдэн км явж байж үйлчилгээ авах ёстой болдог. Дээрээс нь зам байхгүй. Үүнийг бид бодолцож байж шийдэж өгөх ёстой.
Сумын хилийн цэсийг өөрчлөх асуудлыг энэ хуулиар зохицуулаагүй үлдсэн байна. Төслийн 14.1-д аймаг, сум, нийслэл, дүүргийн хилийн цэсийг Засгийн газар өргөн мэдүүлснээр Их хурал батална гэсэн байдаг. Үүнийг өөрчлөх асуудлыг хуульчилж өгөөгүй учраас үүн дээр нэлээн асуудалтай. Жишээ нь, Сэлэнгэ аймгийн Сайхан сум баруун хэсгээрээ зэргэлдээ оршдог Орхон сумтай хиллэж байдаг. Сайхан сум нь эдийн засгаа дагаад хүн ам нь өсөөд сүүлдээ газаргүй болсон. Төсөвт спорт заал барина гээд тусгачихдаг гэтэл газар нь байхгүй. Газар байхгүй учраас спорт заалаа барих боломжгүй болдог. Тэгэхээр иймэрхүү байдлаар эдийн засгаа дагаад хүмүүс нь өсч байгаа газрын хилийн цэсийг нь яаж өөрчлөх вэ гэдэг зүйлийг хуульчилж тодорхой болгож өгөх хэрэгтэй байна.
Хуулийн 4.1.10-д орон нутгийн өмч гэдгийг эд хөрөнгө гэсэн байдлаар тодорхойлсон байна. Энэ бол иргэнийхээ тухай хуулийн дагуу явна гэж бодож байна. Үүнийг ажлын хэсэг анхаараарай.
Мөн нэр томъёо хэсэгт нь хуулийн төслөөр бол орон нутгийн хэмжээ, удирдлага, нутгийн өмч, чиг үүрэг гээд чухал ойлголтыг тодорхойлсон боловч орон нутаг гэж юу вэ гэдгийг тодорхойлоогүй байна. Үүнийг ажлын хэсэг тодорхойлох хэрэгтэй юм.
Түүний асуултанд хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар хариуллаа.
Орон нутаг гэдгээ тодорхойлсон байгаа. 4.1.1 дээр нэгж гэж аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг хороо гэж. Орон нутаг гэж эрх зүйн засаглалын багтаамжтай ойлголт байдаг. Улсаас бусад төвшин буюу аймаг, сум, нийслэл, дүүрэг хороо гэдэг бол орон нутаг болчихдог. Эрх мэдлийн багтаамжийн ойлголт учраас энэ тодорхойлолт орсон.