2020.12.10
Улстөр
М.Оюунчимэг: Ажилгүйдэл, ядуурлыг энэ хуулиар шийдэх боломжтой
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.12.10/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсэг болон байнгын хорооны дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг асуулт асуулаа:
Хуулийг зарчмын хувьд дэмжиж байна. Цаг хугацаа алдалгүй батлах хэрэгтэй гэсэн байр суурьтай байна. Үүн дээр ажилласан дэд ажлын хэсгийнхэн, мэргэжлийн хүмүүс маш сайн ажилласан. Өнгөрсөн дөрвөн жил энэ асуудал яригдсан. Дандаа аймгаас сонгогдсон гишүүд ороод нийслэл Улаанбаатар хотоос орсон нэг ч хүн байхгүй тэгш байдлыг хангах ёстой гээд ажлын хэсэгт нь өөрчлөлт оруулаад явж байгаа.
Шоргоолжний үүр шиг амьдрал буцалж байдаг, асуудал үүсч байдаг газар бол хороо байдаг юм гэж Ардын багш, гавьяат хуульч Б.Чимид агсан хэлсэн байдаг. Амьдрал буцалж байгаа газар бол хороо байдаг. Хороонд ямар ч санхүүгийн эрх мэдэл байдаггүй. Орон нутгийн хөгжлийн сангаас хааяа нэгээс таван саяын дотор овсгоотой Засаг даргад нь олдоно. Түүгээрээ гурав, дөрвөн хүний зам засвар, арилчигаан дээр оруулсан шиг өнгөрдөг.
Бид өнөөдрийн хуулиараа санхүүжилтийн механизм оновчтой төсөв мөнгө, санхүүжилт хийх, оновчтой томилгоо хийх энэ механизм хэрэгжих хөрс суурьт нь суулгаж өгсөн цагт л бидний яриад байгаа том сэтгэж, 20-30 жил үүсээд байгаа асуудлыг шийдэж чадна. Энд гурван чухал заалт орсон гэж би харж байгаа.
- 29-р зүйлд нь нутгийн өөрөө удирдах ёс, нийгэм, эдийн засгийн асуудлаа бие даан шийдвэрлэх.
- 36-р зүйлд ИТХ нь бүрэн эрхийн хүрээнд томилгоо, нэр дэвшүүлэх, Засаг даргыг огцруулах, урт, дунд хугацааны хөгжлийн төлөвлөлтийг гаргана.
- 21.1.6-д Хүний нөөцийн бодлогоо төлөвлөх, бэлтгэх. Өөрт нь эрхийг нь өгөх.
Энэ гурван асуудлын хамгийн гол үндэс нь оновчтой томилгоо, санхүүгийн зөв механизм, санхүүжилт. Энэ хоёрыг бид зөв хийж чадвал, энэ асуудлыг шийдэж чадна. Бид үүнийг зөв хийж чадахгүйгээс сүүлийн 30 жил ядуурал буурахгүй, ажлын байргүй, хүн амын 70-аас илүү хувь нь гэр хороолол дахь бөөн асуудал, хүндрэл дундаа амьдарсан хэвээр байгаа. Үүнийг засахын тулд л энэ хуулийг гаргаж байгаа гэж харж байна. Гэтэл бид сайн хууль үйлдвэрлээд гаргаад байдаг энэ нь амьдрал дээрээ очоод гацаад байгаа нь нэгд санхүүжилт, хоёрт томилгоотой холбоотой асуудал байна.
Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг үнэхээр Төрийн албыг шинэчлье гэж хийсэн. Сайн заалтууд орсон сайн хууль болсон. Гэтэл амьдрал дээр очихоор ажлаа сайн, муу ажилладаг хамаагүй дархлаатай болчихсон. Зарим нь би угаасаа төрийн албан хаагч дархлагдсан, хамгаалагдсан гээд зургаан сар, жилээр чөлөө аваад явчихдаг. Үнэхээр хүнд байдалд орчихоод байгааг бүгд ярьж байна.
УИХ дээр Л.Энх-Амгалан гишүүн томилгооны асуудал ярьж байна. Бид хэн сэргэлэн нь өөрийн цүнх барьдаг хүнээ томилуулаад тэр нь очоод завхрал гаргаад байна гэж ярьсан. Өчигдөр ТББХ дээр Үндэсний телевийн толгой болж байгаа, Үндэсний зөвлөлд бас л яг ийм томилгоо хийчихсэн. Тэнд эхнээсээ хүмүүс өлсөөд эмнэлэгт очоод байна. Бид кноп дараад хийхээрээ буруу юм хийгээд байна. Их хурлын дарга маш зөв хэлж байна. Их хурал томилгоо дээрээ хүртэл маш шударга, сайн удирдагчийг томилохыг ард түмэн хүсээд байна. Тэр хүнийг нь томилохдоо хатуу байр суурин дээр хуулиа дагах хэрэгтэй. Ярьчихаад хэрэгжүүлэх болохоороо цүнх барьдаг, танил талдаа, хамт олон нь хүлээн зөвшөөрөхгүй хүнийг нь оруулаад ирдэг асуудал байна.
Түүний асуултанд хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар хариуллаа.
Бид нар үүнийг анхаарч үзэж байгаа. Улаанбаатар хотын тухайд хороо гэдэг бол хотхон гэдэг хэлбэрээр хөгжиж байгаа. Хэдийгээр гэр хороолол ч бай аль ч газрууд тэр. Амьдрал сүүлдээ хороо гэхээсээ илүүтэй хотхонууд дээрээ хөгжиж байна. Хотын хөгжлийн асуудал хороотой холбоотой. Хороогоо цааш нь авч үзэх ёстой. Бид нарын төслөөр авч байгаа зүйл бол хорооны хэсгийн зохион байгуулалттай байна гэдгийг хуульчилж өгч байгаа юм.
ШИНЭ МЭДЭЭ
Хууль өргөн барилаа
2022.06.03