МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

Олон улсын хүний эрхийн өдрөөр цахим хэлэлцүүлэгт оролцож, үг хэллээ
2020.12.10
Гадаад харилцаа

Олон улсын хүний эрхийн өдрөөр цахим хэлэлцүүлэгт оролцож, үг хэллээ

Хүний эрхийн үндэсний комиссоос Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй “Цар тахлыг даван туулах нь: Хүний эрхийн төлөө нэгдцэгээе” цахим хэлэлцүүлэгт Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар оролцож, үг хэллээ.

Цахим хэлэлцүүлэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагч Тапан Мишра, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клечески нарын зэрэг зочид, нийслэл, аймгуудын Хүний эрхийн ажилтнууд, нийт 50 гаруй хүн оролцож байна.  Цахим хэлэлцүүлэгт УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үгийг толилуулъя.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын хэлсэн үг:

Эрхэм хүндэт зочид оо,

Хүндэт хатагтай, ноёд оо,

Цахим хэлэлцүүлэгт оролцож буй та бүхэнд Хүний эрхийн олон улсын өдрийн мэндийг дэвшүүлье.

Монголчууд бид ардчилсан шинэ Үндсэн хуулиа 1992 онд баталж, анх удаа Монгол Улсад хүний эрхийг олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн жишигт нийцүүлэн томьёолж, түүний хэрэгжилтийг хангах нь төрийн нэн тэргүүний үүрэг гэдгийг тодорхойлсон билээ.

Төр, иргэний нийгэм, хувийн хэвшил, иргэдийн хамтын үйл ажиллагааны үр дүнд хүний эрх нь элдэв баримт бичигт чимэг болгож хэрэглэгддэг тунхагийн шинжтэй үг биш, харин иргэд бие биедээ хэрхэн хандах ёстой, төр иргэдэд хэрхэн үйлчлэх учиртайг тодорхойлсон зарчим, үнэт зүйл гэдгийг нийгэм даяар ойлгодог болсон нь өнгөрсөн 30 жилийн нэг чухал ололт юм.

Хүний эрхийн үзэл санаа төгөлдөржин хөгжиж, иргэд өөрсдөө хүний эрхийн эзэд гэдгээ хүлээн зөвшөөрч, энэхүү эрхээ шаардах хандлага давамгайлж байна.

Монгол хүний эрх бол Монголын ард түмэн хүний дайтай амьдрах, Монгол орон улсын дайтай хөгжин дэвших нэгэн баталгаа юм.

Хүн бүр төрөхөөсөө насан эцэслэх хүртлээ эрх чөлөөтэй, эрхийнхээ хувьд адил тэгш байх учиртай. Хүний эрх гэдэг бол жам ёсны заяагдмал ойлголт.  Нас хүйс, зүс царай, ажил мэргэжил, цалин орлогын гэх мэт ямар ч ялгаваргүйгээр монгол хүн эрх, эрх чөлөөгөө эдлэх ёстой.

Ардчилал, хүний эрх хоёрыг ялгаж салгах аргагүй, нэг зоосны хоёр тал юм. Хэрвээ бид ардчиллыг эрхэмлэдэг бол хүний эрхийг яг түүнтэй адил дээдлэх ёстой. Гэтэл Монгол Улсад иргэнээ эрүүдэн шүүдэг үзэгдэл зогсохгүй байна. Хууль тогтоох дээд байгууллагаас эрүүдэн шүүхийн эсрэг механизмыг шинээр бий болгосон боловч хэрэгжилт сул байна. Энэ мэт хүний эрхийг зөрчсөн аливаа үйлдлийг цаг тухайд нь илрүүлж, таслан зогсооход ХЭҮК-ын үйл ажиллагаа чиглэх ёстой.

УИХ “COVID-19”-өөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх тухай хуулийг баталж, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг бууруулахаар төрийн бүх шатны байгууллагууд хичээн ажиллаж байна. Энэ үйл явцад хүний эрхийг зөрчихөөс ямагт сэргийлж, цар тахлыг хүний эрхийн аливаа зөрчилгүй даван туулах ёстой. Энэ талаар энэхүү хэлэлцүүлгээр нухацтай ярилцан хэлэлцэх гэж байгаад талархал илэрхийлье.

ШИНЭ МЭДЭЭ