2020.12.11
Улстөр

Б.Бат-Эрдэнэ: Оюутолгойн хөрөнгө оруулалт хамгийн түрүүнд яригдах ёстой, чухал асуудал юм

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.11\ хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсэг болон байнгын хорооны дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Улс орны нийгэм эдийн засгийн амьдрал бидний дараагийн хэдэн үеийн амьдралтай холбоотой Оюу-Толгойн орд гэж том ордын хувь заяаны асуудлыг ярих хэрэгтэй юм. Энэ асуудлыг УИХ-аар яригдаж эхэлсэн 2008 оноос хойш тууштай тэмцэж байсан хэдхэн хүмүүс бий. Д.Ганхуяг, Т.Давга, С.Эрдэнэ, З.Энхболд, Даваасүрэн, Сайхансамбуу нар байсан. Одоо бол 2008 оны хүмүүсээс П.Даваасүрэн бид хоёр л үлдээд байх шиг байна.

Гадаа иргэний хөдөлгөөнүүд тууштай тэмцэж байсан. Г.Уянга, С.Ганбаатар нарыг хэлж болно. Сүүлд орж ирсэн хүмүүс сайн дэмжиж байгаа. Х.Болорчулуун, Энх-Амгалан, Б.Бямбацогт, Т.Аюурсайхан хошуучилж, Б.Баттөмөр гишүүн байгаа. Хүмүүс нэмэгдэж байгаад би их олзуурхаж байгаа. Тийм учраас 2016-2020 УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд өдөр бүр Их хурлаас шаардаж байж ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийг Д.Тэрбишдавга ахлаад бид нэг жил гаруй хугацаанд ажилласан.

Н.Алтанхуяг Ерөнхий сайдын үед гурван сайдын хамтарсан шийдвэртэй ажлын хэсэг Оюу-Толгойн хөрөнгө оруулалтын байдлыг шалгасан байсан. Тэр шалгалт дээр бид тулгуурласан. Ажлын хэсэг үзэж болохоор хэмжээний зүйлээ нилээн сайн үзэж, дүгнэлтээ гаргасан. Үүний дагуу Б.Баттөмөр гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг гараад, Их хурлын тогтоол шийдвэр гараад ЗГ-т өгсөн. Одоо бас жил шахам хугацаанд энэ асуудал яригдахгүй байна.

Тиймээс бидний хамгийн нэг номерт авч үзэх асуудал бол Оюу-Толгой юм. Өнөөдрийн болж байгаа үйл явдал бол үндэстэн дамнасан том  корпораци пүүсүүд асар их баялагтай, бага буурай орны төр засгийн удирдлагуудыг нь худалдан авах замаар тонон дээрэмдэж, сүйрүүлдэг асуудал бол Оюу-Толгойтой холбоотой асуудал байгаа юм. Энэ нийгэмд дараа үеийн залуучууд бол Оюу-Толгойг эх орон, ард түмний эрх ашигт нийцсэн хэлбэрээр гэрээг нь байгуулахын төлөө ярьж байсан хүмүүсийн буруугаар Оюу-Толгой үр ашиггүй байгаа.

Монгол Улс ашигаа авах нь битгий хэл өндөр хүүтэй зээлнээсээ босож чадахгүй байгаагийн гол буруутан бол бид нар юм шиг ойлголт гарч байна. Одоо жишээ нь Х.Нямбаатар сайдын хэлдэг Арбитартай холбоотой асуудал гэхэд хэдэн шантаажчин, поп нөхдүүдээс болж байна. 34 хувьтай асуудлыг бас бид нар руу тохож байна. УИХ-ын архиваас яг Оюу-Толгойн гэрээг байгуулж байх үеийн протоколыг аваад алга болгосон байгаа юм. Ц.Даваасүрэн гишүүн үүнийг бүтэн жил хайгаад олоогүй гэсэн байгаа.

ШИНЭ МЭДЭЭ