У.Хүрэлсүх: Сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрх чөлөөг хамгаалан ажиллана
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг өчигдөр танилцууллаа.
Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрх чөлөөг хамгаалан ажиллана. Сэтгүүлзүйн салбар бол манай дөрөв дэх засаглал. Бид хүндэтгэлтэй хандах ёстой” хэмээсэн юм.
Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөд сэтгүүлчдэд ял оноох, өндөр торгууль ногдуулах заалт бий. Энэ асуудлыг засгийн газар хэлэлцэнэ. Үүнд Засгийн газрын тэргүүний хувьд ямар бодолтой байна вэ?
Сэтгүүлчид гүтгэж, доромжилсон тохиолдолд торгож, шийтгэх тухай асуудал Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудал дунд ороогүй байгаа. Маргааш ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэвлэлийн сэтгүүлчидтэй уулзаж, энэ талаарх асуудлаар дэлгэрэнгүй ярилцана.
Ерөнхий сайдын зүгээс миний байр суурь бол сэтгүүлчдийг торгож, шийтгэхээс илүүтэй сэтгүүлчдийн өөрсдийн ТББ, олон улсын жишигт нийцсэн арга хэмжээнүүдийг авч асуудлыг шийдэж явах нь зүйтэй гэж бодож байна. Сэтгүүлчдийн ёс зүйн хороо гэж байна. Энэ хороогоор хариуцлага алдсан, бусдын нэр хүндийг гутаан доромжилсон сэтгүүлчийнхээ ёс зүйн асуудлыг ярьдаг чиглэлээр явах нь зүйтэй байх гэж боддог. Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар илэн далангүй яриарай.