2020.12.14
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт
Хотын баруун бүсийг хангагч гол шугамд гарсан гэмтлийг засжээ
Улаанбаатар хотын баруун бүсийг дулаанаар хангагч шугамд гарсан гэмтлийг засварлаж, дүүргэлт горим тохируулгын ажлыг шуурхай эхлүүлж дулаантай болгохоор ажиллаж байна хэмээн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Улаанбаатар хотын баруун бүсийг дулаанаар хангагч 8А магистральд өнгөрөгч 11 сарын 26-нд, 12 сарын 10-12-нд нийт дөрвөн удаа гэмтэл гарсан. Эрчим хүчний яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК, Диспетчерийн үндэсний төв, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар болон хувийн контор гэсэн мэргэжлийн байгууллагууд үүссэн нөхцөл байдалд техникийн шийдлийг боловсруулж гэмтэл гараад буй уг 500 орчим метр шугамын хоёр талд тусгаарлагч хаалт тавьж хэрэглэгчдийг дахин халаалт доголдох эрсдэл үүсэхээс сэргийлж байна гэлээ.
БАЯНГОЛ ДҮҮРЭГТ НЭР ДЭВШИГЧ УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ГАНБААТАР: 27 ЖИЛ АШИГЛАГДСАН ШУГАМ ХУУЧИРЧ, ЗУЛАЙ ШИГ НИМГЭРСЭН УЧИР ГЭМТЭЛТЭЙ ХЭСГИЙГ ЗАСАХААР ӨӨР БУСАД ХЭСГЭЭРЭЭ ЗАДРААД БАЙНА. ӨВЛИЙН ДҮН ХҮЙТЭН ҮЕД 7000 АЙЛЫГ ДУЛААН БАЙЛГАХААР ХИЧЭЭН ЗҮТГЭЖ ЗАСВАРЫН АЖЛЫГ ГҮЙЦЭТГЭСЭН БАГ ХАМТ ОЛОНД ТАЛАРХСНАА ИЛЭРХИЙЛЬЕ. ГЭХДЭЭ НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН АЖЛЫН УЯЛДАА ХАНГАЛТГҮЙ БАЙНА. ЭНЭ ШУГАМЫГ ШИНЭЧЛЭХ АЖЛЫГ ИРЭХ ОНД ХИЙЖ ДУУСГАНА.
Сүүлийн гэмтлийг засварлаж дууссан, дүүргэлт хийх явцад одоогоор гэмтэл ажиглагдаагүй байна. Дахин гэнэтийн аваар гарахгүй бол хоёрдугаар хэлхээ буюу хэрэглэгчид руу очих шугамд өнөө шөнөдөө горим тохируулга хийж Улсын 3 дугаар эмнэлгээс Улаанбаатар палас хүртэлх 61 байр, 21 аж ахуйн нэгж буюу 7000 орчим айл өрхийг бүрэн дулаанаар хангана.
Үүссэн нөхцөл байдал дээр УБ хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Эрчим хүчний яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Инженерийн байгууламжийн хэлтэс, Дотоод хяналтын хэлтэс, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ний шуурхай бригадууд, Диспетчерийн үндэсний төв, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар болон хувийн конторийн ерөнхий инженерүүд тус тус ажиллажээ.