"Эмч, эмнэлгийн ажилтан, зайлшгүй шаардлагатай ажилтны эрх"-ийн асуудлаар цахим уулзалт хийлээ
2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Монголын Эмнести Интернэшнл ТББ-аас зохион байгуулсан "Эмч, эмнэлгийн ажилтан, зайлшгүй шаардлагатай ажилтны эрх" сэдэвт уулзалт боллоо.
Цахим уулзалтад Эрүүл мэндийн яамыг төлөөлж, Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа, ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн ерөнхий захирал Б.Нарантуяа, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн дарга Н.Цогбадрах, хүний эрхийн байгууллагын төлөөлөл оролцож, улс оронд нүүрлээд шинэ коронавирусын халдвар, хамгаалал, эмнэлгийн тусламж үйлчилгээ, эрүүл мэндийн салбарт ажиллаж буй боловсон хүчний хөдөлмөрлөх эрхийн нөхцөл байдал зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Монголын Эмнести байгууллага ТББ-аас Ковид19-ийн үе дэх эрүүл мэндийн байгууллагын ажилтан, эмч нарын эрхийн асуудлаар мониторинг хийснийг уулзалтын эхэнд тус байгууллагын гүйцэтгэх захирал Б.Алтантуяа танилцуулж,
"Эмч, эрүүл мэндийн ажилтнуудыг хамгаалж, тэд айдасгүй ажлаа хийх нөхцөлөөр хангагдаж байж бид бүгд хамгаалагдана” гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.
Уулзалтаар хүн хүчний нөөц, тэдгээрийн хуваарилалт, шаардлагад нийцсэн тусгаарлах байруудыг бэлтгэсэн эсэх, ялангуяа орон нутагт шийдвэрлэсэн байдал, эмч, эмнэлгийн ажилтнууд, тэдний ар гэрийн нөхцөл, сэтгэл зүйн байдал, тусламж үйлчилгээ, зохицуулалт зэрэг асуудлыг хэлэлцлээ.