МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ТБХ: УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
2020.12.15
Улстөр

ТБХ: УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2020.12.15) цахим хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Б.Жавхлан хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Засгийн газраас 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.  

Хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яамны холбогдох албан тушаалтнууд оролцсон. Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, Ж.Батжаргал, Ц.Анандбазар нар асуулт асууж, хариулт авлаа.

Тухайлбал, гишүүдийн зүгээс наймдугаар сард Зээлийн хүү бууруулах тухай тогтоол баталсан тул холбогдох хуулийн төслүүдийг үндсэн чиглэлд багтаасан эсэх, тогтоолын төслөөс гадна тухайн цаг үед УИХ-ын гишүүд хуулийн төсөл өргөн мэдүүлбэл хэрхэн зохицуулах талаар тодрууллаа.

Мөн тогтоолын төсөлд газрын талаар холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэхээр хавсралтад тусгасан байгаа ч үүнийг багц болгоод хэлэлцвэл хуулийн хийдэл давхардалгүй,  хууль хоорондын зөрчилгүй батлах талаар Засгийн газраас төлөвлөсөн эсэхийг лавлав. 

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Зээлийн хүүг бууруулах тухай тогтоолтой холбоотой хуулийн төслүүд үндсэн чиглэлийн тогтоолын төсөлд тодорхой тусгаагүй ч, Монголбанк дээр энэ талаарх холбогдох хуулийн төслүүдийг боловсруулж, олон талын төлөөллийг оролцуулсан Ажлын хэсэг ажиллаж байгааг хариултдаа онцлоод тогтоолын төсөлд туссан хуулийн төслүүд нь Засгийн газраас өргөн мэдүүлж батлуулах төлөвлөгөөний төсөл учир УИХ-ын гишүүд болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд хууль санаачлах эрх нь нээлттэйг тодотгов.

Мөн тэрбээр, Барилга, хот байгуулалтын сайдын эрхлэх асуудлын хүрээнд ирэх дөрвөн жилд газрын багц хуулийн төслийг боловсруулж өргөн барихаар төлөвлөсөн. Газрын ерөнхий хууль, Кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай, бэлчээрийн асуудал гэх мэт газрын талаарх багц хуулийн төсөл байгаа. Үүнийг тус тусад нь үзэл баримтлалыг нь боловсруулж байгаа ч Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхдээ багцаар нь өргөн мэдүүлэхээр төлөвлөж байна гэв.


Ингээд 
“Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр үг хэлж, зарчмын зөрүүтэй саналын томъёолол гаргах гишүүн байгаагүй тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин Хууль зүйн байнгын хороонд танилцуулахаар тогтлоо. 

ШИНЭ МЭДЭЭ