МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

АБГББХ: Монгол Улсын далбаатай хөлөг онгоцууд Ази, Номхон далайн бүсийн орнуудад аялдаг
2020.12.15
Гадаад харилцаа

АБГББХ: Монгол Улсын далбаатай хөлөг онгоцууд Ази, Номхон далайн бүсийн орнуудад аялдаг

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2020.12.15) хуралдаан 14 цаг  16 минутад эхлэн "Далайчныг сургах стандарт, гэрчилгээ олгох болон ээлжийн ажиллагааны тухай олон улсын конвенцын нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах" тухай хуулийн төслийн талаар хэлэлцлээ.

Далайчныг сургах стандарт, гэрчилгээ олгох болон ээлжийн ажиллагааны тухай олон улсын конвенцын нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийн талаар хэлэлцэж, хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар танилцуулсан юм.

Манай улс НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох Олон улсын далайн байгууллага (ОУДБ)-д 1996 онд гишүүнээр элсэж, тус байгууллагын “Далайчныг сургах стандарт, гэрчилгээ олгох болон ээлжийн ажиллагааны тухай 1978 оны олон улсын конвенц”-д 2001 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нэгдэн оржээ.

Улмаар Филиппин Улсын нийслэл Манила хотноо 2010 оны 6 дугаар сарын 25-ны өдөр болсон ОУДБ-ын Бага хурлаар далайчдыг сургах стандарт, гэрчилгээ олгох болон ээлжийн ажиллагааны олон улсын хэм хэмжээг нийтээр зөвшилцөн тогтоох замаар гадаад далайд хүний амь нас болон эд хөрөнгийн аюулгүй байдлыг хангах, далайн орчныг хамгаалахын зэрэгцээ хөлөг онгоцон дээр ажиллах далайчид зохих мэдлэгтэй, үүргээ гүйцэтгэх чадвартай байх шаардлагад нийцүүлэн далайчдыг зохих ёсны туршлага, мэдлэг, чадвар эзэмших, мэргэжил дээшлүүлэх нөхцөлөөр хангах зорилгоор уг конвенцын нэмэлт, өөрчлөлтийг баталжээ. 2012 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүчин төгөлдөр болсон уг нэмэлт, өөрчлөлтийг ОУДБ-ын 164 гишүүн улс соёрхон батлаад байгааг хууль санаачлагч дурдав.

Гишүүн орнууд нь дээрх конвенцод зааснаар гадаад далайд хүний амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдлыг хангах, түүнчлэн далайн орчныг бохирдлоос хамгаалах, хөлөг онгоцон дээр ажиллах далайчныг зохих мэргэжил, үүрэг гүйцэтгэх чадварын шаардлагыг хангуулахын тулд энэ конвенцыг бүрэн хэрэгжүүлэхэд шаардагдах хууль тогтоомж гаргах болон бусад арга хэмжээ авах үүрэг хүлээдэг гэж салбарын сайд нэмж тодотгов.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Б.Бат-Эрдэнэ нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулав. Салбарын сайд Л.Халтар гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, Далайн захиргааны газар нь манай яамны харьяанд 26 орон тоотой ажилладаг, улсаас санхүүжилт авдаггүй, жил бүр улсын төсөвт төвлөрүүлэх орлогын төлөвлөгөөг биелүүлж ажиллаж байгаа. Одоогоор Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд 30 гаруй улсын 352 хөлөг бүртгэлтэй аялж байгаа, гол төлөв Ази, Номхон далайн бүсийн орнуудад аялдаг гэлээ.  

Далбааны эзэн улсын хувьд манай улсын олон улсын гэрээгээр хүлээсэн эрх, үүргийн хэрэгжилтэд ОУДБ-аас 2016 онд аудит хийж, Монгол Улс Далайчныг сургах стандарт, гэрчилгээ олгох болон ээлжийн ажиллагааны тухай олон улсын конвенцын 2010 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон баталж, хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн зөвлөмж гаргажээ.

Иймээс уг конвенцын 12 дугаар зүйлийн VII хэсэгт заасны дагуу манай улс хоёр жилийн дотор ОУДБ-д аливаа мэдэгдэл хүргүүлээгүй тул уг нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж, конвенцын 2010 оны нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хурлаар соёрхон батлуулах шаардлага үүссэн байна.

Конвенцын нэмэлт, өөрчлөлтийг манай улс хүлээн зөвшөөрч, соёрхон баталснаар Монгол Улсын далбаа мандуулж буй хөлөг онгоцон дээр хүний буруутай үйлдлээс үүдэн хөлөг онгоцны үйл ажиллагаанд учруулж болзошгүй аливаа эрсдэлийг бууруулах, шинээр ажилд орох далайчдад стандарт сургалтаар мэдлэг олгох, чадамжийг нэмэгдүүлэх, мэргэжил дээшлүүлэх боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байгааг салбарын сайд хэллээ.

Ингээд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь конвенцын нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжлээ.

ШИНЭ МЭДЭЭ