МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ОУЭШ Нэгдсэн Үндэсний байгууллагаас тавьж буй зөвлөмжийг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой
2020.12.15
Хууль, эрх зүй

ОУЭШ Нэгдсэн Үндэсний байгууллагаас тавьж буй зөвлөмжийг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2020.12.15) хуралдаан 14 цаг  16 минутад эхэлж, Олон Улсын Эрүүгийн шүүхийн дархан эрх болон эрх ямбын тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг соёрхон батлах асуудлыг хэлэлцлээ.

Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр танилцуулав.

Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ)-ийн Ромын дүрмийг 1998 оны 7 дугаар сарын 18-нд Ром хотноо баталж, 2002 оны 7 дугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлжээ. Манай улс ОУЭШ-ийн Ромын дүрмийн үүсгэн байгуулагч улсын нэг бөгөөд дүрэмд 2000 оны 12 дугаар сарын 29-нд гарын үсэг зурж, 2002 оны 4 дүгээр сарын 5-нд соёрхон баталснаар тус байгууллагын гишүүн болсон байна.

ОУЭШ Ромын дүрмийг баталж хүчин төгөлдөр болсны дараа НҮБ-аас уг байгууллагын дархан эрх болон эрх ямбын тухай хэлэлцээрийг 2002 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Нью-Йорк хотод хэлэлцэн баталсан агаад хэлэлцээрийг өнөөдрийн байдлаар 78 улс соёрхон баталжээ.

Хэлэлцээр нь нийт 39 зүйлтэй бөгөөд гол агуулга нь оролцогч улсуудын нутаг дэвсгэрт ОУЭШ-ээс үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд шаардлагатай дархан эрх болон эрх ямба олгох бөгөөд ОУЭШ-ийн Ромын дүрмийн 48 дугаар зүйлд заасан дархан эрх болон эрх ямбыг илүү дэлгэрүүлэн тайлбарласны зэрэгцээ ОУЭШ-ийн дархан эрх болон эрх ямбын хувьд оролцогч улсын хүлээх үүрэг, хариуцлага, маргаан гарах тохиолдолд түүнийг шийдвэрлэх арга зам, хэлэлцээрт оруулах нэмэлт, өөрчлөлт, хүчин төгөлдөр болох нөхцөл зэрэг заалтыг нарийвчлан тусгажээ.

ОУЭШ-ийн дархан эрх болон эрх ямбын тухай хэлэлцээрийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороотой 2003 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн хуралдаанаар зөвшилцөж, мөн оны 2 дугаар сарын 4-ний өдөр гарын үсэг зуржээ. Хэлэлцээрийг соёрхон баталснаар ОУЭШ, НҮБ-ын зүгээс тавьж буй зөвлөмжийг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой. 

Тухайлбал, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс Монгол Улс дахь Хүний эрхийн төлөв байдлын 2 дахь илтгэлийг 2016 онд хэлэлцээд гаргасан зөвлөмжийн 108-д “Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд үндэсний хууль тогтоомжийг бүрэн нийцүүлэх, ОУЭШ-ийн дархан эрх болон эрх ямбын тухай хэлэлцээрийг батлах" гэж заасан байна.

Манай улс ОУЭШ-ийн дүрмийг соёрхон баталснаар тус шүүхийн дархан эрх болон эрх ямбыг үндсэнд нь хүлээн зөвшөөрч, нутаг дэвсгэртээ эдлүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд уг дүрмийн 48 дугаар зүйлд ямар нэгэн тайлбар хийгээгүй аж.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Н.Энхболд, Б.Энх-Амгалан нар ажлын хэсгээс асуулт асууж хариулт авсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Д.Цогтбаатар, Н.Энхболд нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг дэмжив.

ШИНЭ МЭДЭЭ