2020.12.15
Эдийн засаг, Худалдаа
ЭЗБХ: Валютын зохицуулалтын тухай хуулийн төслүүдийг нэгтгэнэ
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2020.12.15/ хуралдаан ирц бүрдсэнээр 11 цаг 05 минутад эхэлж, Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг нарын өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэгтгэн, нэг төсөл болгож хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэнгээр ахлуулан шинэчлэн байгуулах Байнгын хорооны тогтоолын төслийг гишүүдийн 100 хувийн саналаар баталлаа.