Хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгоно
2020.12.16
Улстөр

Хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгоно

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2020.12.16/ хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Хууль тогтоомжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д “Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэх хууль тогтоомжийн төслийн жагсаалт, дэс дарааллыг тогтоохдоо Үндсэн чиглэлд тусгагдсан хууль тогтоомжийн төслийг тэргүүн ээлжид хэлэлцэх зарчим баримтална” гэж заасан байдаг тул Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэхээр боловсруулж, өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг дээрх үндсэн чиглэлд тусгах шаардлага үүсчээ. Иймд холбогдох зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг боловсруулсныг танилцуулж, санал хураалт явуулсан.

Улсын Их Хурлын 2020 оны “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” 02 дугаар тогтоолд туссан хуулиудыг дээрх үндсэн чиглэлд тусгахыг хуралдаанд оролцсон 11 гишүүний 7 нь дэмжив. Ингээд “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

ШИНЭ МЭДЭЭ