Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хүрээнд 50 орчим сая толгой малд вакцин, тарилга хийжээ
2020.12.16
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хүрээнд 50 орчим сая толгой малд вакцин, тарилга хийжээ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2020.12.16) цахим хуралдаан боллоо. Хуралдааны эхэнд Мах бэлтгэл, махны үйлдвэрлэл болон махны экспортын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Байнгын хорооны 2020 оны 07 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонслоо.

Санал, дүгнэлтийг Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд танилцуулсан. Тэрбээр, Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 07 тоот тогтоолоор уг ажлын хэсэг байгуулагдаж, Улаанбаатар хот орчимд мал төхөөрөх, мах боловсруулах, махны үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай биечлэн танилцаж, тулгамдаж байгаа асуудлыг нь сонсож, санал солилцсон.

Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд

Манай улсад энэ оны 10 дугаар сарын байдлаар мал төхөөрөх, мах боловсруулах 86 үйлдвэр, дулааны аргаар мах, махан бүтээгдэхүүн боловсруулах 89 үйлдвэр, нийт 175 үйлдвэр үйл ажиллагаа эрхэлж байна. Үүнээс дулааны аргаар мах, махан бүтээгдэхүүн боловсруулах 53 үйлдвэр байгаагаас экспортын зөвшөөрлийн эрх авсан 13 үйлдвэр байна. Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн зөвлөмжөөр 2020 онд адууны мах 27.9 мянган тн, үхрийн мах 8.3 мянган тн, дулааны аргаар боловсруулсан мах 26.6 мянган тн-ыг, үүнээс үхрийн мах 8.0 мянган тн, хонины мах 6.6 мянган тн, ямааны мах 12.0 мянган тн байхаар тогтоосон байна.

Max бэлтгэл, махны үйлдвэрлэл, мах экспортлодог аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай уулзахад үйлдвэрийн хүчин чадалд тооцож зөвшөөрөл өгдөггүй, үйлдвэрүүд хүчин чадлынхаа хэмжээнд хүрч ажиллаж чадахгүй, үйлдвэрүүд тогтвортой ажиллах боломжгүй, авсан зөвшөөрлөө зарим нэг үйлдвэрүүд бүрэн ашиглаж чаддаггүй, мал төхөөрөх, нядалгаа хийдэг үйлдвэрүүд хязгаартай /цөөн тоотой/, махыг экспортод гаргахад үүсч байгаа хүндрэлийн талаар, мөн экспортын тээвэрлэлтийн асуудалд тулгараад байгаа гааль, мэргэжпийн хяналтын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой асуудлуудыг хөндөн ярьж байсан.

Иймд Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2020 оны 07 дугаар тогтоолоор байгуулсан ажлын хэсгээс Засгийн газарт чиглэл өгөх тухай дараах тогтоолын төсөл боловсруулсныг танилцуулж байна гэв. Үүнд,

  1. Бүгд Найрамдах Хятад Ард Улсад мах экспортлох зөвшөөрлийг зөвхөн нэг улсаас хамааралтай олгож байгаа нь энэ төрлийн цөөн хэдхэн аж ахуйн нэгжид давуу эрх олгож, үндэсний аж ахуйн нэгжийн хувьд өрсөлдөх чадваргүй болгож байгааг анхаарах;
  2. мах экспортлогч үндэсний аж ахуйн нэгжүүдийг мал бэлтгэлийн үед бага хүүтэй, урт хугацаатай зээлийн эх үүсвэрээр дэмжиж ажиллах;
  3. мах, махан бүтээгдэхүүн экспортлох зөвшөөрөл олгохдоо зарим аж ахуйн нэгж мах бэлтгэл хийгээгүй байхад их хэмжээгээр зөвшөөрөл олгодог, зарим аж ахуйн нэгжид бэлтгэсэн махны тал хувьд нь зөвшөөрөл олгож байгаа зэргийг үндэслэн мах, махан бүтээгдэхүүнийг экспортлох зөвшөөрөл олгохын өмнө ажлын хэсэг байгуулж мах бэлтгэл, агуулахын нөөц, махны гэрээ, аж ахуйн нэгжийн үйлдвэрийн хүчин чадал зэрэгтэй уялдуулан зөвшөөрлийг олгож байх;
  4. аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн хүсэлтийг үндэслэн дулааны боловсруулалт хийсэн 2,0 мянган тн үхэр, 9,0 мянган тн бог, 3,0 мянган тн адууны ясгүй түүхий хөлдүү махны экспортын зөвшөөрлийг шинээр олгох;
  5. 2020 онд олгосон экспортын махны зөвшөөрлийн хугацааг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл сунгах асуудлыг шийдвэрлэх;
  6. экспортод гаргаж байгаа мах, махан бүтээгдэхүүний тодорхой хувь нь чанар, стандартын шаардлага хангахгүй байгаа тул мэргэжлийн хяналтын үйл ажиллагааг сайжруулж, оновчтой зохион байгуулалт хийх;
  7. экспортод гаргах түүхий болон дулааны аргаар эсхүл, бүрэн боловсруулсан махны гаалийн бүрдүүлэлтийг гүний гаалийн байгууллага хийж, гаалийн байгууллагаас итгэмжлэл авсан тээвэрлэгчээр тээвэрлүүлэн хилийн гаалийн байгууллагын хяналтад илгээж байгаа нь аж ахуйн нэгжүүдэд хүндрэл үүсгэж байгааг судалж шийдвэрлэх;
  8. хилийн чанадад гаргах түүхий болон дулааны аргаар эсхүл, бүрэн боловсруулсан махыг тээвэрлэхэд гаалийн байгууллагаас олгох итгэмжлэлд тавигдах шалгуурыг ил тод болгох;
  9. Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын үед махны экспортыг тасралтгүй явуулах, Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас мах, махан бүтээгдэхүүний импортод эрүүл ахуй, хорио цээрийн хяналтыг хэрэгжүүлж буй арга хэмжээ, жолоочийн аюулгүй байдал, тээвэрлэлтийг хэрхэн хамтран зохион байгуулах талаар импортлогч талтай холбогдох нөхцөл, шаардлагыг яаралтай тохиролцох.

Ажлын хэсгээс боловсруулсан санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авав. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн мах, махан бүтээгдэхүүнийг экспортлоход малын гарал үүсэл, бүртгэлжилт болон эрүүл ахуйн асуудлыг шийдвэрлэх нь нэн шаардлагатай болохыг онцолж, үүнд ямар ажил хийсэн талаар тодруулав. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль батлагдсантай холбогдуулан 50 орчим сая толгой малд малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин, тарилга хийсэн, мөн аймаг бүрт бүртгэлжилтийн ажил хийгдсэн гэв.

Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг мах экспортлогч аж ахуйн нэгжүүдийн тоо болон тулгамдаж буй асуудал Ажлын хэсгээс боловсруулсан санал, дүгнэлтэд тусгагдсан бол дотооддоо ямар бодлого хэрэгжүүлэх талаар тодруулав. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, 15 орчим сая толгой мал дотооддоо нийлүүлэх, энэ нь нийт боловсрулах мах, махан бүтээгдэхүүний 30 орчим хувь болно гэв.


Ажлын хэсгийн ахлагч Г.Ганболд хийсэн нэмэлт тайлбартаа, мax бэлтгэгч аж ахуйн нэгжүүд экспортын мах тээвэрлэхдээ хөргөлттэй, мах тээвэрлэх битүүмжлэл, ариун цэврийн горим шаардлага хангасан тээврийн хэрэгсэл бүхий тээврийн компаниудтай гэрээ хийж тээвэрлүүлдэг байсан. Гэтэл энэ оны 2 дугаар сарын 10-ны өдрийн Гаалийн ерөнхий газрын даргын “Хилийн чанадад гаргах түүхий болон дулааны аргаар эсхүл, бүтэн боловсруулсан махны гаалийн байгууллагаас итгэмжпэл авсан тээвэрлэгчээр тээвэрлүүлэн хилийн гаалийн байгууллагын хяналтад илгээж байхаар тогтоосугай” гэсэн тушаал нь мах экспортлогч аж ахуйн нэгжүүдэд хүндрэл учруулж байна. Иймд уг тушаалыг хүчингүй болгосноор мах экспортлох автотээврийн хэрэгслийн тоо нэмэгдэх боломжтой гэлээ.

Махны эрчимжсэн экспортыг нэмэгдүүлэх хүрээнд дөрөв дэх асуудал хэрэгжих боломжтой эсэх талаар тодруулахад, Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд уг квотыг яам бус аж ахуйн нэгжүүдээс гаргасан нийт квот ба ирэх оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хамаарна. Ингэснээр аж ахуйн нэгжүүдийн хувьд хоорондоо квот наймаалцах асуудлыг таслан зогсоох ач холбогдолтой гэв.

Ингээд тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд санал хэлж, байр сууриа илэрхийлсэний дараа уг тогтоолын төслийг батлахыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80,0 хувь дэмжсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ