МАА, газар тариалангийн салбарын эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийг харьяа яаманд шилжүүлнэ
2020.12.16
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

МАА, газар тариалангийн салбарын эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийг харьяа яаманд шилжүүлнэ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2020.12.16) цахим хуралдаан боллоо. Хуралдаанаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяанд салбарын эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийг шилжүүлэх хэрэгцээ, шаардлагын талаарх салбарын сайдын мэдээлэл сонсов.

Мэдээллийг Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хийв.

Тэрбээр, сүүлийн 30 шахам жилд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн лабораторийн болон үйлдвэрлэл-туршилтын баазыг бэхжүүлэх талаар төр засгаас авч, хэрэгжүүлсэн, томоохон арга хэмжээ, хөрөнгө оруулалт байхгүй, эрдмийн зэрэгтэй боловсон хүчинг төрийн бодлогоор төлөвлөгөөтэй бэлтгэхээ больсон нь салбарын эрдэм шинжилгээний ажлын онол, арга зүйн түвшин орчин үеийн шаардлагаас ихээхэн хоцорч, Дорнод тал, говь, өндөр уулын бүс, баруун бүсийн хүрээлэнтүүдийг үндсэн чиг үүргээр нь ажиллуулахгүй, зарим салбар хүрээлэнгийн үйл ажиллагааг зогсоож, шинжлэх ухааныг үйлдвэрлэл, хөгжлийн бодлогоос нь хөндийрүүлсэн нь бодит үйлдвэрлэлтэй салбарын хөгжилд ухралт бий болгож байна.

Иймд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлийн хүрээлэнгүүдийг салбарын яамны харьяалалд шилжүүлэн ажиллуулж, салбарын тулгамдсан асуудлыг үе шаттай, эрэмбэлэн шийдвэрлэх, төлөвлөх, тогтвортой хөгжүүлэх, шинэ техник, технологи, инновацыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, эрдэм шинжилгээний байгууллагын хүчийг практик үйлдвэрлэлд бүрэн дайчлах, үр өгөөжийг дээшлүүлэх, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийг холбоог нягтруулж, үйл ажиллагааг зөв зохистой зохион байгуулах, нэгдмэл бодлогоор чиглүүлэх, салбар хоорондын уялдааг зорилтот түвшинд хүргэх шаардлагатай байна. Энэхүү арга хэмжээг хэрэгжүүлснээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн үр ашиг, өрсөлдөх чадварыг дээшлүүлж эрчимжүүлэхэд чиглэсэн хөгжлийн гарцууд, тулгамдсан асуудлыг судалж шийдвэрлэх, мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааны уялдаа холбоо сайжруулж, үйлдвэрлэлийг шинжлэх ухааны үндэслэлээр хөтлөн явуулах, хөгжүүлэх, дэвшилтэт техник, технологийн ололтыг нэвтрүүлэх, салбарын хүний нөөцийн бодлого, боловсон хүчний хангамжийг удирдан зохион байгуулах, салбарын эрэлтэд нийцсэн мэргэжилтэн бэлтгэх замаар улс орны эдийн засгийн, хөдөө аж ахуйн салбарын тогтвортой хөгжилд томоохон түлхэц болно гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асуухын сацуу байр сууриа илэрхийлэв. Үүнд, Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, уг асуудлыг өмнө нь Байнгын хороогоор оруулж байсан ба тухайн үед дэмжигдээгүй, мөн өнөөдрийн Байнгын хорооны хуралдаанд танилцуулагдаагүй тул уг асуудлыг хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасах санал гаргав. Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг уг асуудлыг Засгийн газраас оруулж байгаа бол Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэх зарчмын асуудал тул Улсын Их Хурлын Байнгын хороогоор хэлэлцэх шаардлагагүй гэсэн байр суурь хэлж байв.

Ингээд гишүүд үг хэлж, саналаа хэлсэний дараа Байнгын хорооны дарга Х.Болорчулуун Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Мал эмнэлгийн хүрээлэн, Ургамал, газар тариалангийн хүрээлэн болон Ургамал хамгааплын эрдэм шинжилгээний хүрээлэнг Боловсрол, шинжлэх ухааны яам буюу Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяалад байгааг өөрчилж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяалалд шилжүүлэх асуудлыг 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор судалж, хэлэлцэн шийдвэрлэхийг Монгол Улсын Засгийн гаэарт чиглэл болгох тухай тогтоолын төсөл танилцуулж, санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 78,6 хувь дэмжлээ.

ШИНЭ МЭДЭЭ