МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ерөнхийлөгчийн сонгуулиас эхлээд ТӨЛБӨРТЭЙ УХУУЛАГЧДААС татгалзах ёстой гэв
2020.12.16
Улстөр

Ерөнхийлөгчийн сонгуулиас эхлээд ТӨЛБӨРТЭЙ УХУУЛАГЧДААС татгалзах ёстой гэв

Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль УИХ-аар хэлэлцэгдэж байна. Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын нэгдсэн чуулганаар анхны хэлэлцүүлгийг хийж, УИХ-ын дарга гүйцээн боловсруулах чиглэл өгсөн.

Өнөөдөр төслийн эцсийн хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцлээ. Хуулийн төслийн ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Энхболд ахалж байгаа юм. 

Хэд хэдэн хэлэлцүүлгийн үеэр гишүүд цалинтай ухуулагчдын асуудлыг хөндсөн юм. УИХ-ын сонгуулийн тухай хуулиар 200 хүртэлх сонгогчид нэг ухуулагч байж болохоор зохицуулсан. Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд 800 хүртэлх сонгогчид нэг ухуулагч байхаар төсөл санаачлагчид оруулж ирсэн юм. 

Өнгөрсөн  7 хоногт УИХ-ын нэгдсэн хуралдаан дээр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Бид мөнгөний сонгуулиас татгалзана гэж ярьж байгаа. 200  сонгогч тутамд 1 ухуулагч  гэдэг нь мөнгөний сонгууль болох үндэслэл болж байна. Анх төсөлд дээр 800 сонгогч тутам 1 хүн гэж орж ирсэн юм. Энэ яагаад өөрчлөгдсөн юм бэ?" гэж ажлын хэсгээс асуусан юм. 

Түүний асуултад Ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд түүний асуултад "Анх төсөлд 800 сонгогч тутамд 1 ухуулагч байхаар орж ирсэн. Харин ажлын хэсэг дээр Ерөнхийлөгчийн Тамгын газраас УИХ-ын сонгуультай адил 200 сонгогч тутамд 1 ухуулагч болгох санал оруулж ирсэн нь Байнгын хороо дээр дэмжигдсэн юм" гэж хариулсан. 

Өнөөдөр мөн байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар энэ асуудлыг дахин сөхөж, гишүүдийн анхаарч авч үзэхийг хүслээ. Тэрээр "Энэ нь сонгуулиар авлигажсан сүлжээ байгуулахыг өөгшүүлж байна. Бусад улсуудад дэмжиж байгаа улс төрчөө ухуулна гэдэг нь сайн дурын ажил гэж явж байгаа. Үүнийг одоо Ерөнхийлөгчийн сонгуулиас, тэгээд УИХ-ын сонгуулиас авч хаях хэрэгтэй" гэж хэлсэн юм. 

Мөн тэрээр "Олон улсад төлбөртэй ухуулагч гэж байхгүй. Бүгд сайн дураар хийдэг. Харин ч тухайн улс төрчөө дэмжиж, ухуулагчаар ажиллах гэж сонгон шалгаруулалтад ордог" гэлээ.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг маргааш УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэн батлах юм.


Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой зарим онцлох заалтыг хүргэж байна. 

Монгол улсын ерөнхийлөгчид хэн нэр дэвших вэ?

  • 50 нас хүрсэн, сүүлийн 5 доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэн байна. Уугуул иргэн гэдэг нь Монгол улсын харьяат эцэг, эхээс төрж, түүнээс хойш тус улсын харьяат хэвээр байгаа иргэнийг хэлнэ. 

  • Монгол улсын Их хуралд суудал бүхий улс төрийн нам дангаараа, эсхүл хамтран Ерөнхийлөгчид 1 хүнийг нэр дэвшүүлэх эрхтэй.

  • Авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшигч нэр дэвшихийг хориглоно

Ерөнхийлөгчийн сонгуульд хэн саналаа өгөх эрхтэй вэ?

  • Сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн сонгуулийн эрх бүхий иргэн 

  • Гадаад улсад байгаа, улсын бүртгэлд бүртгүүлсэн сонгуулийн эрх бүхий иргэд сонгуульд оролцож санал өгөх эрхтэй.

Ерөнхийлөгчийн сонгууль хэзээ болох вэ?

  • Монгол улсын их хурал ээлжит сонгуулийн жилийн 2 сарын 1 өдрөөс өмнө товлон зарлаж, санал авах өдрийг тогтооно

  • Ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн 6 дугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр байна. 

  • Гадаад улсад суугаа иргэдээс санал авах өдрийг СЕХ тогтоох бөгөөд санал авах өдөр нь 2 хүртэл өдөр байж болно

  • Сонгуулийн санал авах өдөр бүх нийтээрээ амарна

  • Ерөнхийлөгчид нэр дэвшигчид хэзээ тодрох в

    • Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагаа Санал авах өдрөөс 55 хоногийн өмнө 5 хоногийн хугацаанд дуусгана. 

    • Нэр дэвшигч  нь төрийн жинхэнэ албан хаагч, төрийн үйлчилгээний алба болон төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдийн удирдах албанд алба хашдаг бол сонгуулийн ээлжит жилийн 1 сарын 1 өдрөөс өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна. 

    Хэнийг ялсан гэж үзэх вэ?

    • Сонгуульд оролцож саналаа өгсөн сонгогчдын олонхийн санал авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзнэ

    • Хэрэв нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал аваагүй тохиолдолд хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг оролцуулсан дахин санал хураалт явуулна

ШИНЭ МЭДЭЭ