МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт цианид натри асгарсан талаар салбарын сайд нарт асуулт тавилаа
2020.12.17
Байгаль Орчин, Аялал жуулчлал

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт цианид натри асгарсан талаар салбарын сайд нарт асуулт тавилаа

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт “Баян айраг эксплорэйшн” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийн шугам хоолой задарч химийн хорт бодис болох цианид натри асгарсан гэх мэдээллийн талаар дэлгэрэнгүй, бодит мэдээлэл авах тухай Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл болон Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нарт асуулт тавилаа.

Асуулт тавих тухай

Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт “Баян айраг эксплорэйшн” ХХК нь 2014 оны 09 дүгээр сараас хойш нуруулдан уусгах технологи ашиглан ашигт малтмал баяжуулах үйл ажиллагаа явуулж байгаа. Тус компанийн баяжуулах үйлдвэрийн шугам хоолой задарч химийн хорт бодис болох цианид натри асгарсан гэх мэдээллийн дагуу Завхан аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн захирамжаар томилогдсон ажлын хэсэг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу үүссэн нөхцөл байдлын шалтгааныг тогтоохоор хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэсэн байна. 

Тус компани үйл ажиллагаа явуулахдаа Химийн хорт болон аюултай бодисын тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон холбогдох бусад дүрэм, журмуудыг зөрчсөн байхыг эрх бүхий байгууллага, албан тушаалтнууд тогтоосон байна. Түүнчлэн “Баян айраг эксплорэйшн” ХХК-ийн үйл ажиллагаанд Мэргэжлийн хяналтын газраас хийсэн олон удаагийн төлөвлөгөөт бус шалгалтын явцад ийм төрлийн зөрчил удаа дараа илэрч байсан тухай мэдээлэл байна. 

Завхан аймгийн иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс хүн ам, ан амьтан, байгаль орчинд өндөр хор хөнөөлтэй дээрх асуудлыг шийдвэрлүүлэхэд анхаарах хүсэлтийг тус аймгаас сонгогдсон Монгол Улсын Их Хурлын гишүүн надад ирүүлж байна. 

Иймд миний бие Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.13, 39 дүгээр зүйлийн 39.1.2-т тус тус заасныг үндэслэн Танд дараах асуултыг тавьж байна. Үүнд:

  1. Монгол Улсад химийн хорт болон аюултай бодис /цианид натри/ ашиглан нуруулдан уусгах технологиор ашигт малтмал баяжуулах үйл ажиллагаа явуулж байгаа нийт хэдэн уурхай байгаа талаарх мэдээлэл;
  2. Химийн хорт болон аюултай бодис /цианид натри/ ашиглах стандарт, дүрэм, журмуудын талаарх мэдээлэл;
  3. Химийн хорт болон аюултай бодис /цианид натри/-ны улмаас байгаль орчинд үзүүлж байгаа хор хөнөөлийн талаарх судалгаа, дүгнэлт;
  4. Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан, түүний дагуу хийгдсэн ажлуудын талаарх мэдээлэл;
  5. Өнөөдрийг хүртэлх хугацаанд удаа дараа цианид натри алдсан дээрх компанийн хариуцлагагүй үйл ажиллагаанд холбогдох яам ямар арга хэмжээ авч ажилласан талаар, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлуудын талаарх мэдээлэл зэрэг болно.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонд хандсан асуултанд,

  1. Химийн хорт болон аюултай бодис /цианид натри/ ашиглах стандарт, дүрэм, журмуудын талаарх мэдээлэл;
  2. Химийн хорт болон аюултай бодис /цианид натри/ удаа дараа алдагдаад байхад салбарын яам ямар арга хэмжээ авч байсан талаарх мэдээлэл;
  3. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс баталсан /MV-013409/ болон /MV-017666/ ТЭЗҮ-дээ тухайн үйл ажиллагаа явуулж байгаа газар нутгийн байршил, цаг агаарын нөхцөл байдлыг тусгасан эсэх талаарх мэдээллийг ирүүлэх. Учир нь цианид натри алдагдах болсон шалтгаан нь хүйтний улиралд төмөр хоолой задарсны улмаас үүссэн байх магадлалтай байна. Үүнд салбарын яамнаас тавьж байсан хяналтын талаарх мэдээлэл;
  4. Өнөөдрийг хүртэлх хугацаанд удаа дараа цианид натри алдсан дээрх компанийн хариуцлагагүй үйл ажиллагаанд холбогдох яам ямар арга хэмжээ авч ажилласан талаар, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлуудын талаарх мэдээлэл зэрэг болно.

Асуултын хариуг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.8 дахь хэсэгт заасан хугацаанд ирүүлэхийг Танаас хүсье.

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэлд тавьсан асуулт

УУХҮ-ийн сайд Г.Ёндонд тавьсан асуулт

ШИНЭ МЭДЭЭ