МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хүний эрхийн хамгаалагчийг хамгаалах хороо байгуулна
2020.12.17
Хүний эрх

Хүний эрхийн хамгаалагчийг хамгаалах хороо байгуулна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.17\ нэгдсэн хуралдаанаар Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэв. 

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар танилцууллаа. 

ХЗБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг танилцуулав.

Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар танилцуулсан. Тэрбээр, манай улсад  хүний эрхийг хамгаалах ажил явуулсны төлөө амь нас, бие махбодод нь халдах, заналхийлах, дарамт шахалтад өртөх явдал ихээр гарч байгаа. Гэвч хүний эрхийн хамгаалагчийг хамгаалах, ажлыг нь дэмжих эрх зүйн орчин бүрдээгүй байна. Иймд “хүний эрхийн хамгаалагч”-ийг хуулиар анх удаа тодорхойлон, тэдний эрх зүйн байдлыг бие даасан хуулиар баталгаажуулж, хүний эрхийн хамгаалагчийн аюулгүй байдлыг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх тогтолцоог байгуулах үүднээс энэхүү хуулийн төслийг боловсруулсан болохыг танилцуулгын эхэнд дурдав.

Хуулийн төсөл нь 4 бүлэг 15  зүйлтэй. Хуулийн төслийн нэгдүгээр бүлгийн нэр томъёоны хэсэгт “хүний эрхийн хамгаалагч” гэж хэн болох, “хүний эрхийн хамгаалагчийн эрхийг хүндэтгэх, хамгаалах, хангах”, “хүний эрхийн хамгаалагчийн эрхэд халдах” үйлдлийг тусгайлан тайлбарласан. Мөн “Хуулийн үндсэн зарчим” хэсэгт хүний эрхэм чанарыг хүндэтгэх, ёс зүйтэй байх зарчмыг тусгаснаар аливаа этгээдийн үйл ажиллагаанд удирдлага болгох чиглэлийг хуульчилсан. 

Хуулийн төслийн хоёрдугаар бүлэгт хүний эрхийн хамгаалагчийн ажилд зайлшгүй шаардлагатай олон улсын гэрээгээр баталгаажуулсан хүний эрхийг улам өргөжүүлж, тусгайлан баталгаажуулахын зэрэгцээ ажиллахдаа хориглох зүйлийг тусгайлан зааж өгсөн болно.

Хуулийн төслийн гуравдугаар бүлэгт төр, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүн байхаас үл хамааран хүний эрхийн хамгаалагчийг хүлээн зөвшөөрөх, хүндэтгэх, тэдний талаар мэдлэг, ойлголтыг түгээх, мөн төрийн тусгайлан хүлээсэн үүргийг зааж, хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн баталгааг тусгасан.

Хуулийн төслийн дөрөвдүгээр бүлэгт Үндэсний хэмжээнд хүний эрхийн хамгаалагчийг хамгаалах тогтолцоог хамгийн боломжит бага зардлаар байгуулахын тулд Хүний эрхийн хамгаалагчийг хамгаалах хороог Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэд байгуулахаар хуульд заасан ба гишүүд нь одоо чиг үүргээ гүйцэтгэж байгаа төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдэн ажиллахаар тусгасан. Тус хорооны бүрэлдэхүүнд ажиллах иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлд тодорхой шалгуур тавьсан нь иргэний нийгмийг чадавхжуулах, дэмжих зорилготой бөгөөд хамтын шийдвэрээр анх удаа нэр дэвшүүлэх боломжийг бүрдүүлж өгсөн. 

Хуулийн төсөл батлагдсанаар хүний эрхийн хамгаалагч, түүний үйл ажиллагааг тодорхойлох, иргэний нийгмийг хөхиүлэн дэмжих, хараат бус ажиллах, эрх мэдлийн хувьд гадуурхагдсан этгээдийг хамгаалж, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлдэг хүний эрхийн түгээмэл соёл төлөвших нөхцөл бүрдэнэ. Мөн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуультай харилцан уялдаатай боловсруулагдсан болно гэлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ш.Адьшаа, Ц.Сандаг-Очир, С.Бямбацогт,  Б.Баярсайхан, Ж.Сүхбаатар, М.Оюунчимэг, Х.Болорчулуун, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүн төсөл санаачлагч болон ажлын багаас асуулт асууж тодруулсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, хуулийн төслийн талаар олон улсын ямар туршлагыг судалсан талаар тодруулав. Мөн Хүний эрхийн хамгаалагчийг хамгаалах хороо байгуулснаар, цалин хөлс, хангамжийг төсөвт хэрхэн тусгасныг лавлав. 

Хууль санаачлагч УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, олон улсын туршлагыг судлахын зэрэгцээ НҮБ-ын Хүний эрхийн тусгай илтгэгчийн Монгол Улсад өгсөн зөвлөмжид үндэслэсэн гэдгийг тайлбарлав. НҮБ-ын тусгай илтгэгч Монгол Улсад ажилласан тайланг 2019 оны дөрөвдүгээр сард танилцуулсан бөгөөд уг тайланд хүний эрхийн хамгаалагчийг хамгаалах асуудалд онцгой анхаарч хууль батлахыг зөвлөсөн байна. Хууль батлагдсанаар, хүний эрхийн институцийг бүхэлд нь дэмжих суурь тавигдана. Дэлхийн 40 гаруй орон хуульдаа тодорхой түвшинд хүний эрхийн хамгаалагчдийн эрх зүйн байдлыг баталгаажуулж өгсөн байна. Хуулийн төслийг боловсруулахдаа, НҮБ-ын загвар хуульд үндэслэсэн гэдгийг тодотгов. Төсвийн хувьд, 32 сая төгрөг төсөвлөсөн гэдгийг тэмдэглээд, цар тахалтай хямралын жилд аль болох хэмнэх сэтгэлээр хандсан гэж тайлбарлалаа. Төсвийн асуудлаар дахин авч хэлэлцэх бол хувьдаа дэмжинэ гэдгээ илэрхийлэв. 

Гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ц.Мөнхцэцэг, О.Цогтгэрэл, Ц.Даваасүрэн, С.Амарсайхан нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, хуулийн төсөлд хүний эрхийн хамгаалагч гэж хэн байхыг тодорхой тусгаагүй, боловсруулалтын хувьд учир дутагдалтай тул хэлэлцэхийг дэмжихгүй гэдгээ илэрхийлэв. Мөн энэ хууль бусад хууль тогтоомжтой зөрчилдөж байгаа асуудалд анхаарах шаардлагатай гэдгийг тэмдэглээд, хэрэв хэлэлцэхээр бол дээрх асуудалд анхаараад засаад явах хэрэгтэйг анхаарууллаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар, хуульд сайжруулах, бусад хуультай уялдуулах олон санаачилга гарч буйг дурдаад, НҮБ-ын хүний эрхийн конвенц, хүний эрхийн хамгаалагчийн илтгэлийг харгалзан хуулийг төслийг дэмжихийг гишүүдэд уриалав. Ажлын баг байгуулж хуулийг боловсронгуй болгох асуудлыг шийдвэрлэх Хууль зүйн байнгын хорооны даргын саналыг дэмжиж байгаагаа илрэхийлэв.

Ингээд гишүүд үг хэлж , байр сууриа илэрхийлсний дараа хуулийг төслийг үзэл баримтлалын хувьд дэмжье гэсэн саналын томьёолоор санал хураав. Хуралдаанд оролцсон 63 гишүүний 43 нь буюу 68.3 хувь дэмжсэнээр хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

ШИНЭ МЭДЭЭ