Монгол улс далайчныг сургах олон улсын конвенцэд нэгдлээ
УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн Далайчныг сургах стандарт, гэрчилгээ олгох болон ээлжийн ажиллагааны тухай олон улсын конвенцын нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Төслийн танилцуулгыг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар танилцууллаа.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн танилцууллаа.
Конвенцын нэмэлт, өөрчлөлтийг манай улс хүлээн зөвшөөрч, соёрхон баталснаар Монгол Улсын далбаа мандуулж буй хөлөг онгоцон дээр хүний буруутай үйлдлээс үүдэн хөлөг онгоцны үйл ажиллагаанд учруулж болзошгүй аливаа эрсдэлийг бууруулах, шинээр ажилд орох далайчдад стандарт сургалтаар мэдлэг олгох, чадамжийг нэмэгдүүлэх, мэргэжил дээшлүүлэх боломж бүрдэнэ.
Ингээд гишүүд асуулт асууж, байр суурь илэрхийлсний дараа хуралдаанд оролцсон гишүүдийн 67 хувийн саналаар батлагдлаа.
Төслийн танилцуулга
Манай улс НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох Олон улсын далайн байгууллага (ОУДБ)-д 1996 онд гишүүнээр элсэж, тус байгууллагын “Далайчныг сургах стандарт, гэрчилгээ олгох болон ээлжийн ажиллагааны тухай 1978 оны олон улсын конвенц”-д 2001 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нэгдэн оржээ.
Улмаар Филиппин Улсын нийслэл Манила хотноо 2010 оны 6 дугаар сарын 25-ны өдөр болсон ОУДБ-ын Бага хурлаар далайчдыг сургах стандарт, гэрчилгээ олгох болон ээлжийн ажиллагааны олон улсын хэм хэмжээг нийтээр зөвшилцөн тогтоох замаар гадаад далайд хүний амь нас болон эд хөрөнгийн аюулгүй байдлыг хангах, далайн орчныг хамгаалахын зэрэгцээ хөлөг онгоцон дээр ажиллах далайчид зохих мэдлэгтэй, үүргээ гүйцэтгэх чадвартай байх шаардлагад нийцүүлэн далайчдыг зохих ёсны туршлага, мэдлэг, чадвар эзэмших, мэргэжил дээшлүүлэх нөхцөлөөр хангах зорилгоор уг конвенцын нэмэлт, өөрчлөлтийг баталжээ.
2012 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүчин төгөлдөр болсон уг нэмэлт, өөрчлөлтийг ОУДБ-ын 164 гишүүн улс соёрхон батлаад байгааг хууль санаачлагч дурдав.
Гишүүн орнууд нь дээрх конвенцод зааснаар гадаад далайд хүний амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдлыг хангах, түүнчлэн далайн орчныг бохирдлоос хамгаалах, хөлөг онгоцон дээр ажиллах далайчныг зохих мэргэжил, үүрэг гүйцэтгэх чадварын шаардлагыг хангуулахын тулд энэ конвенцыг бүрэн хэрэгжүүлэхэд шаардагдах хууль тогтоомж гаргах болон бусад арга хэмжээ авах үүрэг хүлээдэг гэж салбарын сайд нэмж тодотгов.