УИХ: Олон улсын эрүүгийн шүүхийн дархан эрх болон эрх ямбын тухай хэлэлцээрийг соёрхон батална
2020.12.17
Хүний эрх

УИХ: Олон улсын эрүүгийн шүүхийн дархан эрх болон эрх ямбын тухай хэлэлцээрийг соёрхон батална

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн Олон Улсын Эрүүгийн шүүхийн дархан эрх болон эрх ямбын тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.


 

Хуулийн төслийн танилцуулгыг Гадаад хэргийн сайд Н.Энхтайван танилцууллаа. 

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцсэн тухай санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан танилцууллаа. 

Төслийг УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 67.7 хувийн саналаар батлагдлаа. 

Хэлэлцээр нь нийт 39 зүйлтэй бөгөөд гол агуулга нь оролцогч улсуудын нутаг дэвсгэрт ОУЭШ-ээс үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд шаардлагатай дархан эрх болон эрх ямба олгох бөгөөд ОУЭШ-ийн Ромын дүрмийн 48 дугаар зүйлд заасан дархан эрх болон эрх ямбыг илүү дэлгэрүүлэн тайлбарласны зэрэгцээ ОУЭШ-ийн дархан эрх болон эрх ямбын хувьд оролцогч улсын хүлээх үүрэг, хариуцлага, маргаан гарах тохиолдолд түүнийг шийдвэрлэх арга зам, хэлэлцээрт оруулах нэмэлт, өөрчлөлт, хүчин төгөлдөр болох нөхцөл зэрэг заалтыг нарийвчлан тусгажээ.

Хэлэлцээрийг соёрхон баталснаар ОУЭШ, НҮБ-ын зүгээс тавьж буй зөвлөмжийг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой. Тухайлбал, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс Монгол Улс дахь Хүний эрхийн төлөв байдлын 2 дахь илтгэлийг 2016 онд хэлэлцээд гаргасан зөвлөмжийн 108-д “Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд үндэсний хууль тогтоомжийг бүрэн нийцүүлэх, ОУЭШ-ийн дархан эрх болон эрх ямбын тухай хэлэлцээрийг батлах" гэж заасан байна. Манай улс ОУЭШ-ийн дүрмийг соёрхон баталснаар тус шүүхийн дархан эрх болон эрх ямбыг үндсэнд нь хүлээн зөвшөөрч, нутаг дэвсгэртээ эдлүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд уг дүрмийн 48 дугаар зүйлд ямар нэгэн тайлбар хийгээгүй аж.

ШИНЭ МЭДЭЭ